Ангарагийг эзэмших цаг ойртлоо

2021 оны 02 сарын 19

Ангараг руу зуузай холбон хошуурч байна

 

Англи буюу түгээмэл хэллэгээр Марс, санскритаар Ангараг, төвөд хэлээр Мягмар, Монголоор Улаан нүдэн, Гал од  гэх олон нэрийн эзэн, Дайны тэнгэр хэмээгдэх нарны аймгийн дөрөв дэх гарагийг эзэмшихээр улс орнууд хошуурч байна. Хамгийн ойрын хөрш болох Саран авхайг ихээхэн шохоорхож буурь сэлгэх талаар мөрөөдөж буй хүн төрөлхтөн дараагийн “эзэмшил”-ээрээ Улаан нүдэнг онилоод буй.

Ойрын жишээг татахад хэдхэн хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улс, БНХАУ тус тус Ангараг гарагийн тойрог замд сансрын хөлгүүдээ амжилттай орууллаа. Арабын Нэгдсэн Эмиратын АНУ-тай хамтран бүтээсэн “Норе” буюу “Итгэл”, Хятадын “Тянвень-1” хөлгүүд ийнхүү зуузай холбон Марс дээр бууж байна. Өмнө нь АНУ, ОХУ, Энэтхэг, Европын холбоо тус бүр Ангараг гарагийн тойрог замд сансрын хөлгөө оруулсан юм. БНХАУ-ын сансрын хөлөг ирэх тав, зургаадугаар сарын үед Ангарагийн гадарга дээр робот станц буулган хөрс, чулуулаг, эрдсийн дээж цуглуулж, мөсний хайгуул хийхээр боллоо. Тэгвэл энэ долоо хоногт АНУ-ын ээлжит сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд орох гэж байна. Хүний хөл хүрээгүй боловч сансрын станцууд, роботуудын илгээсэн зураг хөргүүдээс улаан гарагийн талаар хүн төрөлхтөн ихээхэн мэдээлэлтэй болсон. Арабын Нэгдсэн Эмират улсын сансрын хөлгөөс авсан Ангараг гарагт наран мандаж буй үеийн зураг сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдийн нүүрийг чимэглэсэн билээ.

Хэдэн жилийн өмнө Голландын ”Mars One” компанийн гүйцэтгэх захирал Б.Лансдорп CNN  аентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хүмүүс 2027-2030 он гэхэд Ангараг дээр суурьшин амьдрахад бэлэн болно” хэмээсэн байдаг. Тэгвэл энэ хугацаа хүртэл цөөхөн жил үлдлээ. Нэгэнт тэнд суурьшихаар очсон эхний ээлжийн хүмүүс үүрд Ангараг дээр үлдэх тавилантай байж мэднэ. Учир нь тэдэн дээр нэмж хүн сууришуулахыг зорихоос бус дэлхийд эргүүлэн авч ирэх талаар мэдэгдсэн тохиолдол одоогоор алга. Гэхдээ шинжлэх ухаан, технологи хөгжиж, бүтэхгүй хэмээн саяхан үгүйсгэж байсан зүйлс бодит амьдрал дээр хэрэгжих боломж өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул алсдаа Дэлхий, Ангарагийн хооронд аялал, жуулчлал хөгжих ирээдүй бий гэдэгт эргэлзэх зүйлгүй.

"Space X" компанийг байгуулагч Илон Маск л гэхэд 80-150 хоногийн дотор Ангарагт хүрэх сансрын хөлөг бүтээх талаар ярьсан билээ. Бас NАSА-гаас сансрын байнгын ажиллагаатай төв байгуулж, АНУ-ын сансрын нисэгчид саран дээр анх буусны 54 жилийн ойгоор буюу 2023 онд суурин сансрын нисгэгчдийг тэнд амьдруулахаар тооцсон байдаг. Энэ нь сар хийгээд Ангараг дээр хүн суурьших эхлэл байж болно хэмээжээ.

АНУ өдгөөгөөс 45 жилийн тэртээ буюу 1976 онд "Viking-1", "Viking-2" хэмээх роботуудыг Марсын гадаргуу дээр амжилттай байрлуулж гурван сар ажиллах магадлалтай хэмээж байсан ч эхнийх нь зургаан жил, удаах нь дөрвөн жил үүргээ гүйцэтгэж олон чухал гэрэл зураг, мэдээллүүдийг дэлхийд хүргэсэн түүхтэй. Бүр тэр цагаас л хүн төрөлхтөний Ангараг гараг дээр амьдрах боломж эрэлхийлсэн хайгуул эхэлжээ. Улаан нүдэн гараг дээр ус байсан байх магадлал бүхий зургууд илгээсэн нь бүр ч “хорхой” хөдөлгөв. 1996 онд өөрөө явагч Sojourner автомат машин агуулсан төхөөрөмжийг буулгасан нь гарагийн хөрс, чулуулаг, цаг агаарын талаар үнэтэй материалууд илгээсэн байна. Үүнээс хойш 2012-2016 оны хооронд хэд хэдэн станц буулган сонирхолтой мэдээ материал цуглуулсаар байгаа юм.

БНХАУ Ангарагийн араас амжилттай “хөөцөлдсөөр”.  Хятад улс өнгөрсөн оны намар Сарны бидэнд харагддаггүй нөгөө сүүдэр талд хамгийн анх “Хас туулай” аппаратаа буулгаж шинжилгээ судалгаагаа эхлүүлсэн бол өнгөрсөн оны долоодугаар сард Марс тийш илгээсэн “Тянвень-1” хөлөг Ангарагийн тойрог замд орж гэрэл зургууд илгээсээр байна.

 

Монголын говийг санагдуулам Марс

 

Хүн төрөлхтөн шимтэн сонирхож, алсдаа суурьших зургаа төлөвлөж буй Улаан нүдэн гарагийн орчин ингэхэд ямар вэ? Уг гараг улаан өнгийн гадаргатай. Тиймдээ ч улаан нүдэн, гал гараг гэх нэрийг авч. Элсэрхэг хөрсөнд нь төмрийн ислийн агууламж  ихтэйгээс шалтгаалж тийнхүү улайрч шаргалтан харагдах ажээ. Хөрсөн дээр нь ус урсаж байсан ул мөр байж болох гуу жалга, ганга ихтэй, бас мөсөн оройт уулстай гэх. Гадаргуугийн дундаж температур нь Цельсийн хасах 60 хэмийн хүйтэн. Өвөлдөө хасах 225 хэм хүрч хүйтрэх нь байх л хэвийн үзэгдэл бол зундаа нэмэх 70 хэм хүрч халж чаддаг гэнэ.  Их хүйтнээс шалтгаалан агаар мандлын доод хэсэг хяруу болон уулсын оройд тогтож, мөс үүсгэдэг гэсэн дүгнэлт гарчээ. Дулаан үедээ хайлан урсдаг гол, горхи байдгийг хэдэн жилийн өмнө тогтоосон. Дөрвөн ч нуурыг илрүүлээд байгаа гэдэг.

Дэлхийтэй төстэй тал Марсад бас бий. Тэнхлэгээ эргэх хугацаа нь 24 цаг, 37 минут. Тэнхлэгийн өнцгийн налуу нь 25,2 градус. Өдрийн үргэлжлэх хугацаа дэлхийгээс 40 минутаар урт. Зуувин хэлбэрийн замаар нарыг тойрдог учраас нар, Ангарагийн хоорондын зай улирал бүрээс хамааран холдож ойртож байдаг ажээ. Нэг жил нь 687 орчим өдөртэй. Нүүрс хүчлийн хийгээс голлон бүрдсэн нимгэн сийрэг агаар мандалтай. Тэрбум орчим жилийн өмнө идэвхтэй галт уулстай байсан гэх таамаг бий. Олимпус Монс хэмээх 26 км өндөр аварга уул Марсын одоогоор мэдэгдээд буй ноён оргил юм. Дөрвөн мянган км урт, 120 км өргөн асар уудам хөндий, түүнийг хүрээлсэн уулс гээд тэртээ цагт газар хөдөлж, галт уулс дүрэлзэж байсныг гэрчлэх олон газар Улаан гараг дээр оршиж байна. Том хэмжээний солир унаж байсныг илтгэх цооног маягийн нүхнүүд ч тааралдана.

Говийг санагдуулам ерөнхий төрхөөрөө Марс Монголын өмнөд хэсэгтэй тун адилхан гэдэг. Өмнийн говийн Хонгорын элс, Хэрмэн цав, түүний орчмын газар нутаг Ангарагийн дүр төрхийг санагдуулам байдаг талаар Марс төслийнхөн танилцуулсан билээ. Тиймдээ ч монгол залуус Марс хөтөлбөрийг Монголын говьд хэрэгжүүлж аянчин, жуулчдыг татахаар олон улсын хэмжээний төсөл боловсруулан танилцуулаад байгаа. Улаан гараг хоёр ч дагуултай. Ийм нэгэн гараг руу дэлхийн хөгжил сайтай орнууд уралдан хошуурч байгаа бол Бархасбадь гарагийг ч овоо хараандаа аваад буй. Хэдхэн жилийн дараагаас эргэн тойрны гаргууд дээр судалгаа, шинжилгээний төвүүд босч, аялал жуулчлалын газрууд бий болж, ашигт малтмал олборлож, жинхэнэ утгаар нь эзэмших төлөв хэдийн бүрдээд эхэллээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(192.82.68.48) 2021 оны 02 сарын 20

Бусад гариг нь хийн гариг юун аялал жуулчлал вэ халуун хүйтэн хүчил төрөгчгүй гаригт хүн амьдруулаад байгаарай

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 19

Сансар судлалын талаар монгол хүний бичсэн иймэрхүү юмыг уншихаар монгол хүний сэтгэлгээний хоцрогдол томорч тодорч гарч ирдэг нь харамсалтай байдаг. Дахин иймэрхүү юм бичихээ боль дэлхий чамайг бас монголыг шоолж инээлдэнэ.

0  |  0
Top