БНХАУ-ын тусламжийн вакцин Монгол Улсад ирлээ

2021 оны 02 сарын 23

БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар илгээсэн 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн Монгол Улсын агаарын тээврийн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой Улаанбаатар хотын Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын Шадар сайд хийгээд Улсын онцгой комиссын дарга С. Амарсайхан нар үйл ажиллагаанд оролцлоо.

С. Амарсайхан хэлсэн үгэндээ, БНХАУ-ын Засгийн газар, ард иргэд 300 мянган тун вакциныг хандивлаж буйд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 2020 онд дэлхий нийт амаргүй жилийг үдэж, цар тахлын аюул, эрсдэл одоо ч арилаагүй хэвээр байна. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж монголчууд ярьдагчлан Ковид-19-ийн халдвар тархсан үеэс эхлэн Монгол, Хятад хоёр улс бие биендээ эд материалын болон сэтгэл санааны харамгүй дэмжлэг харилцан үзүүлж, хөрш орнууд хүндрэл бэрхшээлийг хамтран туулж буйгийн бодит жишээ болж буй билээ. БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан амны хаалт, хамгаалалтын хувцас, шинжилгээний аппарат зэрэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаа хятадын талаас олгож буй вакцин нь манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт миний бие итгэлтэй байна гэлээ.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс харилцан туслалцаж, цар тахалтай хамтран тэмцэж, Хятад, Монголын эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болголоо. Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлт маш давчуу байна. Хятадын тал Ши Жиньпин даргын Хятад вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн чухал амлалтыг биелүүлэхийн тулд дотоодынхоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэх зүйлгүйгээр Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин хийгээд хоёр улсын ард түмний гүн гүнзгий найрамдлыг бүрэн дүүрэн харууллаа. Монгол Улс цар тахалтай илүү сайн тэмцэхэд энэхүү вакцин тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Хятадын тал хоёр талын халдвар хамгааллын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлыг хамтдаа ялан дийлж, Хятад, Монгол хоёр улсын бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааг илүү их үр бүтээлтэй байлгахын төлөө Монголын талтай цаашид ч мөн хамтдаа хичээн зүтгэхэд бэлэн байна гэлээ.

Монгол Улс COVID-19 цар тахал өргөн хүрээнд тархах аюултай тулгараад байна. 2 сарын 12-ны өдрийн байдлаар, тус улсад нийт батлагдсан тохиолдол 2693, нас барсан 6, эдгэрч эмнэлгээс гарсан 1933 тохиолдол байна. Цар тахалтай тэмцэх үүднээс Монгол Улсын Засгийн газар олон улсаас вакцин авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top