Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлийн санхүүжилтээр олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх, агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадам 2021 оны 3-р сарын 5-аас 4-р сарын 26-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол үүний дунд агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхэд багачууд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон бөгөөд Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна.
Иймээс “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадмын хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь гар зургийн уралдаанаар дамжуулан агаарын бохирдлын хүн болон байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийн талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, таниулах зорилготой “Цэвэр агаар - Цэлмэг тэнгэр” сэдэвт зургийн уралдааныг 8-12 насны Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт оршин суух хүүхэд багачуудын дунд зарлаж байна.
“Цэвэр агаар - Цэлмэг тэнгэр” сэдэвт зургийн уралдааныг Монголын Урлагийн Зөвлөлийн https://www.facebook.com/artscouncilofmongolia хаягаар цахим орчинд нээлттэй зарлах бөгөөд уралдаанд ирсэн бүтээлүүдийг #Nogoonbaatar, #fresh_air_blue_sky хаштагтайгаар олон нийтэд танилцуулна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ зурсан зургийг авч, тайлбар бичвэр мөн өөрсдийн иргэний үнэмлэх, оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарын хамт 2021 оны 3-р сарын 28-ны өдрийн дотор дараах линкээр https://forms.gle/Y6eZjXotYwzHHadE7 Монголын Урлагийн Зөвлөлд илгээнэ үү.
Гар зургийн уралдааны бүтээлүүдийг “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадмын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах зорилгоор хэвлэмэл болон дижитал хэлбэрээр хэрэглэнэ. Наадмын шүүгчид уралдаанд оролцогчдоос нийт 20 бүтээлийг сонгон шалгаруулж, мөнгөн шагнал олгоно.
Сэтгэгдэл ( 0 )