Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээн Италийн нийслэл Ромд болж байгаа билээ. Манай улсаас хоёр тамирчин дасгалжуулагч Б.Батзоригийн хамт явсан бөгөөд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эрүүл мэндийн шалтгаанаар барилдаагүй.
Тэгвэл өнөөдөр (2021.03.07) үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин Төмөр-Очирын Тулга эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдаж шигшээд шалгарлаа.
Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Туркийн Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус яллаа. Түүний өрсөлдөгч 20 настай энэтхэг залуу 1/4 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Ираны шилдэг бөхчүүдийн нэг Бехнам Эхсанпурыг 9:8-ээр ялаад байсан юм.
Ингэснээр манай бөх шигшээд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтай ялагдсан Энэтхэгийн алдарт Бажранг Пуньятай хүч үзэхээр болов. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар шөнийн 01:00 минутад болно.
Сэтгэгдэл ( 0 )