"Токио-2020” олимпийн наадмын байт харвааны төрлийн тэмцээнийг Монгол Улсын шүүгч Э.Саруул шүүн тунгаах хүндтэй үүрэг хүлээжээ.
Ингэснээр Э.Саруул нь олимпын наадмын байтын тэмцээнийг шүүх шилдэг 14 шүүгчийн нэг болж байгаа юм.
Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй. 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат тэшүүрчин, ээж Б.Цэцгээ нь байт харвааны тамирчин. Спортын гэр бүлд өссөн тэрээр 2013, 2019 оны Ази тивийн АШТ, 2015, 2021 оны залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажиллажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлахад мөн Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар "Токио-2020" олимпийг шүүх эрхтэй болсон.
Түүнчлэн Хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл олимпод шүүгчээр ажиллах болсон гэхээр одоогоор Монголын гурван бүсгүй Токиогийн олимпийн наадмын тэмцээн, уралдааныг дэнслэх эрхэм үүрэг хүлээгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )