ТОКИО 2020: Олимп дэнслэх МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Монголын гурван бүсгүй Токиогийн олимпийн наадмын тэмцээн, уралдааныг дэнслэх эрхэм үүрэг хүлээлээ. Тэд бол жүдо бөхийн шүүгч Төрбатын Энхцэцэг, хүндийг өргөлтийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл, байт харвааны шүүгч Э.Саруул нар юм. 


Т.ЭНХЦЭЦЭГ (ЖҮДО БӨХ)
 


Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаах эрхийг 16 шүүгчид олгосны нэг нь дэлхийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг юм. Тэрбээр Монголын жүдо бөхийн түүхэн дэх олимп дэнслэх анхны эмэгтэй шүүгч болж байгаа юм. Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг шүүж, 2018 онд Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" наадмаас "Шилдэг шүүгч"-ийн шагнал гардаж байсан юм. 

Л.ОДГЭРЭЛ (ХҮНДИЙГ ӨРГӨЛТ)
 


“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголын Л.Одгэрэл шүүх томилолт өвөртлөөд удаагүй байна. Л.Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн.

Тэрбээр ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, "Тяньжинь-2013" Зүүн Азийн наадам, "Тайпей-2017" Универсиад наадам, "Жакарта-2018" Азийн наадам, "Буэнос-Айрес-2018" Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн юм.

Л.Одгэрэл нь мөн Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорчээ. 

Э.САРУУЛ (БАЙТ ХАРВАА)
 


"Токио-2020” олимпийн наадмын байт харвааны төрлийн тэмцээнийг Олон Улсын шүүгч Э.Саруул шүүн тунгаах хүндтэй үүрэг хүлээжээ. Э.Саруул олимпын наадмын байтын тэмцээнийг шүүх шилдэг 14 шүүгчийн нэг болж байгаа юм. 

Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй. 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат тэшүүрчин, ээж Б.Цэцгээ нь байт харвааны тамирчин. Спортын гэр бүлд өссөн тэрээр 2013, 2019 оны Ази тивийн АШТ, 2015, 2021 оны залуучуудын ДАШТ,  2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.89.145) 2021 оны 03 сарын 15

Бүгдэд нь амжилт хүсье. Тэмцээнээ чин шудрага, мэдрэмжтэй сайн шүүж Монгол улсынхаа нэрийг дэлхийд дархлаарай.

4  |  0
Top