Монгол морийг эрлийз адуунаас тусад нь уралдуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Наадам зохион байгуулах хорооны гишүүд өчигдөр хуралдлаа. Хурлын үеэр "Монгол морийг эрлийз мориноос тусад нь уралдуулах журам"-ыг танилцуулан зохион байгуулах хорооны гишүүдээр хэлэлцүүллээ. Хурдан морины салбар хорооноос морь барианы газар, уралдааны цагийн хуваарь болон хурдан морины хүүхдийн аюулгүй байдал зэрэгт анхаарч ажиллахыг сануулав. Монгол мориноос эрлийз морийг ялгахдаа гадаад шинж, дэл сүүл, галбир, хөлний өндөр зэргээр нь шинжих гэнэ. Энэ ажлыг хэмжилтийн тусгай мэргэжлийн баг хийх юм байна. Монгол морийг ялгах ажлыг наадмаас өмнө зохион байгуулах санал гарчээ. Гэхдээ зарим албаны хүмүүс наадмаас өмнө энэ ажлыг зохион байгуулахад хугацаа давчуу учраас дутуу дулимаг ажил болно хэмээн санал зөрж байсан юм. Үүнийг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн бөгөөд энэ жил 21 аймгаас судалгаа авахад 20 аймаг нь монгол морийг эрлийз мориноос ялгаж наадамд оролцуулах асуудлыг дэмжсэн учраас ажил хэрэг болгохоор шийджээ. Эрлийз морийг долдугаар сарын 13-нд гурван насаар тусад нь уралдуулах саналтай байв. Мөн монгол уралдааны морийг эрлийз адуунаас ялгахын тулд өөр өнгийн номер олгох ажээ. Баяр наадмыг угтсан арга хэмжээ долдугаар сарын 5-наас эхлэх аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top