Цэнд-Очирын Цолмон
(1949-2021)
Монголын театр, киноны нэрт жүжигчин Цэнд-Очирын Цолмон 2021 оны 03-р сарын 12-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын тайз, дэлгэцийн урлагт хүнд гарз тохиолоо.
Ц.Цолмон нь 1949 оны 01-р сарын 24-нд Улаанбаатар хотод Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэнд-Очирын хоёр дахь охин болж төрсөн юм. 1967 онд нийслэлийн 24-р сургуулийг төгсөж, 1967-оос 1971 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж, 1971 оноос Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж, 1998 оныг хүртэл тасралтгүй 27 жил ажиллажээ.
Монголын театр киноны нэрт жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу агсны хань Ц.Цолмон нь Улсын хүүхэд, залуучуудын театрын тайзнаа М.Байджиевийн “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Нази, Ф.Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Амали, Ч.Нацагдоржийн “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Үнэг, Б.Васильевийн “Үүрэг хүлээсэн цагт” жүжгийн Осянина, Д.Батбаярын “Шувуу бүхэн жаргалтай” жүжгийн Оюун, Ч.Чимидийн “Хүний санаа” жүжгийн Долгор, Д.Намдагийн “Зөгнөл” жүжгийн Охиноо, А.Линдгрений “Карлсон Жаалхүү хоёр” жүжгийн Бетан, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Рита, Э.Оюуны “Хайр” жүжгийн Хишгээ зэрэг 60 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээж үзэгч түмний хайр талархал, хүндэтгэлийг хүлээсэн юм.
Тэрээр 1977, 1982 онд шилдэг дүр бүтээсний учир БНМАУ-ын Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооны шагналаар, 1980 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, 1990 онд Алтан гадас одонгоор, 2008 онд ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнагджээ.
Ц.Цолмон нь кино, телевизийн урлагт авьяас, хөдөлмөрөө зориулж, Р.Доржпаламын “Мөнгөн буйл” киноны Гочоогийн эхнэр, Г.Жигжидсүрэнгийн “Нарны унага” киноны Рэгзэд, Н.Нямдаваагийн “Хэцүү даалгавар” киноны Ханд зэрэг 10 гаруй өвөрмөц зан араншинтай, өөр хоорондоо ялгаатай дүрүүдийг бүтээсэн билээ.
Ц.Цолмон нь 2001 оноос "Мюзик холл" кино урлагийн дээд сургууль, 2004 оноос "Сити" их сургуульд жүжигчний мэргэжлийн ур чадварын багшаар ажиллажээ.
Нэрт жүжигчин Цэнд-Очирын Цолмонгийн тайз дэлгэцнээ бүтээсэн олон шилдэг дүрүүд, түүний авьяас ур чадвар, бүтээлч хөдөлмөрч чанар, хүнлэг даруу зан, гэгээн дүр төрх, бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын хамт олон, Улсын хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлчид.
Сэтгэгдэл ( 7 )
Тэнгэр т амар амгалан дэвшиг ум маани бад ми хум сайн төрөл олж эх орондоо сайн айлд ирж төрөөрөй \n
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум\n
Хөөрхий...мэдэх дүргүй юм байна. Гэсэн ч ум ма ни бадми хум \n
Хөөрхий. Монголоос бараг шагналгүй байж.
Сайхан жүжигчин, их өвөрмөц онцлогтой дүрүүдтэй шүү, ум сайн амгалан болтугай
Ум ма ни бад мэ хум