ЗХЖШ болон “Мөрдэстэй цуглуулагчид” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага хамтран “Мөрдэстэй цуглуулагч-2021” үзэсгэлэнг зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтан зохион байгуулсан тус үзэсгэлэнд Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нарын 14 алба хаагч 1000 гаруй цуглуулгаараа оролцов. Цамхаг, заан, тэмээ, дельфин, хундага, түлхүүрийн оосор зэрэг чамин хийцтэй өвөрмөц дурсгалын зүйлсээс гадна цэргийн зэвсэг техникийн модель, медалион, орон орны зоосон болон цаасан мөнгөн дэвсгэртээс бүрдсэн “Мөрдэстэй цуглуулагч-2021” үзэсгэлэнд оролцогчид цуглуулгаа хэрхэн арвижуулах, арчилж хамгаалахад юунд анхаарах, солилцоог хэрхэн явуулах зэрэг дээр харилцан туршлага солилцсон ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн онцолж байлаа.
Мөн “Мөрдэстэй цуглуулагчид” НҮТББ-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа А.Гэрэлт-Од “Бидний төлөвлөсөн ажлын зарим нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон. Анх удаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь тэдгээр арга хэмжээний нэг нь юм. Тус ТББ-аас Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ижил төрлийн хобби, сонирхолтой холбоо, алба хаагчидтай хамтран үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Бидний үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл “Мөрдэстэй цуглуулагчид” фэйсбүүк группт элсээрэй. Мөрдэстнүүддээ бид үргэлж нээлттэй хандах болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )