СЭЛЭНГЭ: Сурагч Б.Эрхэм-Эрдэнэ эсээ бичлэгийн уралдааныг тэргүүллээ

2021 оны 03 сарын 16

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Б.Эрхэм-Эрдэнэ эсээ бичлэгийн уралдааныг тэргүүлжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн нэгдсэн холбоо, "Отгонтэнгэр" их сургуулиас хамтран зохион байгуулсан “Эрхмийн дээд Монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Б.Эрхэм-Эрдэнэ 210 хүүхдээс тэргүүлж, тэргүүн байрт шалгарчээ. Түүний эсээг толилуулъя.

“ЭРХМИЙН ДЭЭД МОНГОЛ ЭР ХҮН”

Монгол эр хүний тухай бичихдээ би аавыгаа түрүүлж бодлоо. Миний аавыг Доржготовын Баяр гэдэг. Миний өвөө буриад хүн. Хараа голын эрэгт мал маллаж ,ногоо тарьж амьдардаг ажилсаг хүн бий.Бид хүнсний ногоогоо өөрсдөө тарьж ургуулж хадгалж иддэг болохоор амттай ,эрүүл мэндэд тустай гэж боддог.миний өвөө аав хоёр минь наддаа л эрхмийн дээд эр хүн шүү. Минийхээр эр хүн гэдэг үр хүүхдээ үлгэрлэн айлыг айл шиг авч яваа гэрийн эзэн, эх орныхоо дархан хилийг манаж яваа хилчин,энхийг сахиулагчид,адуун сүргээ адгуулан маллаж яваа малчин , хүчит комбайны жолооч, илч гэрлийг түгээгч машинист, улаан галын өөдөөс орж амь насыг аврагч онцгой байдлын баатруудаас эхлэн зөв үйлийг хийж яваа зөв сэтгэлтэй эрэлхэг ,шударга энгийн нэгэн эр хүнийг  хэлнэ.

Монгол эр хүн ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож ,түүх соёл,удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ зохицож амьдрах нь өвөрмөц чанар юм.Эр хүн уул мэт сууж ,тал мэт хэвтэж ,салхи мэт явж зөв хувцаслаж нуруу цэх,хараа дээгүүр байж, шударга ёс өмнөө тавьсан зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрэх зориг зүрх, хүч чадал бүхнээ дайчилдаг чадвартай байх ёстой билээ.

Манай ардын зүйр үгэнд “Эр хүн алдаж,эрэг нурдаг” гэдэг. Хүний амьдрал дандаа сайхан дардан байдаггүй. Зовлон жаргал ээлжлэн байдаг хүний орчлонд аз жаргалтай амьдралаас илүү хатуу хөтүү зовлон бэрхшээл дүүрэн байдаг. Хүн алдаж болно. Алдаа хийснээ мэдэрч ойлгохоос эхлэн засан залруулж уучлал гуйн, хэрэгтээ  таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

Жинхэнэ монгол эр хүн хүний итгэл дааж хүнийг сэтгэл санаагаар болон хэрэгтэй зүйлээр дэмжиж тусалсан шиг тусалдаг.Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг.Хүний үгийг сонсож хүлээцтэй даруу ханддаг, зан заншил ёс зүйгээ баримталдаг  шинж чанарууд  үеэс үед өвлөгдөн эх түүхийн хуудаснаа эгэл баатруудтайгаа мөнхөрч өнөө бидний үлгэр дуурайлал болсон их түүхтэй орны иргэн билээ би.

Эрхмийн дээд Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй өөртэй итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг эхэлсэн үйлээ дуусгаж чаддаг,түүнийхээ төлөө зүтгэж тэмцдэг байх ёстой. Би эр хүний жинхэнэ нөхөрлөл уулыг хурааж,усыг эргүүлэх чадалтай гэж итгэдэг. Гэхдээ орчин үеийн залуучууд бид найз нөхдөө зөв сонгон нөхөрлөх хэрэгтэй. Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олно гэдэг хүнээс их ухаан шаарддаг.

Цахим орчинд мэдээллийн урсгалд дураараа хөвж, ёс заншлаа гээж байгаа үеийнхэндээ хэлэхэд өөртөө итгэлтэй байж бусдын нөлөөнд оролгүй ,өөрийнхөөрөө байгаарай.хуурч мэхлэх ,зусардаж зальдах шалиглан завхайрах ,архидан согтуурах , гүтгэн доромжлох ,ихэрхэж баярхах ,эрх мэдлээр далайлгах , хулгай хийх, эмэгтэй хүнд эрэлхэх , хүний юмыг дураараа авах , хүн муулах зэрэг  үйлдлийг битгий хийгээрэй. Жинхэнэ монгол эрчүүд ийм зүйлийг цээрлэж эрийн хийморь гутаасан гэж үздэг.

Өлгий сайхан Монгол орны өөдлөн дэвжих их үйлсийн манлай  өрх гэрийн тэргүүнээс эхлэн улс орны удирдагч олон сайхан эрчүүдээс миний онцлон тодорхойлох жинхэнэ монгол эр хүн бол улс төрч ,төрийн түшээ өргөмжлөлт спортын мастер,бэлтгэл хурандаа цолтой Монгол улсын 31дэх ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх эрхмийг онцлон өгүүлж байна.Энэ хүний  намтарт гадаадад боловсрол эзэмшсэн хэлтэй устай гэх мэт чамин тансаг баримтууд ховор ч хувийн зан чанар шинж байдлаараа жинхэнэ монгол эр хүний чанарыг  олон үйлдлээрээ харуулсан гэж үзэж байна.

Уг гарал нь Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн уугуул халх боржгин удмын хүн юм.Цөс ихтэй ,омголон зантайг нь харвал буриад удмын ч хүн гэмээр. Яагаад би энэ хүнийг онцлох болсон бэ гэхээр ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэр нь манай гэр бүлийн санхүүд их нөлөөлж үр дүнтэй байсан.Цаг үе нийгмээ ойлгож өөрчлөлт шинэчлэлт хийж ард иргэдийнхээ амьдралд бодитой хөрөнгө оруулалт хийсэн жинхэнэ ажил хэрэгч хүн юм.

Шулуун шударга зөв үзэл бодолтой түүнийг манай гэр бүл гэлтгүй монгол зон олон хүндэтгэн хайрлаж хамгаалж ирсэн боловч дэлхий нийтийг хамарсан ковид өвчний улмаас хариуцлагаа хүлээж огцорч чадсан нь дэлхийн улс оронд магтагдсан ардчилсан удирдагч боллоо.Эрдэмтэй хүн даруу гэгчээр түүний гадаад төрх зан байдлыг ажваас түүнийг мод гэвэл  өндөр сайхан ургасан нас гүйцсэн нарс шиг , адуу гэвэл эзэн Чингисийн эр хар загал азарга шиг эрчтэй хүчтэй монгол цэргийн дайчин хурандаа юм.

Биеэ засаад гэрээ зас,гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эр цэргийн албаа хааж эх орноо хамгаалаад айл гэр болж үр хүүхдээ өсгөн халамжит хань хайртай аав өвөө болсон.  Үүний адилаар бас манайх гэдэг улс гэрийн өрхийн тэргүүн болж ард иргэдээ амар амгалан тайван байлгахад хүч хөдөлмөрөө өгсөн. Ялангуяа дэлхий нийтэд тархсан цар тахалын үед түүний удирдсан засгийн газар, улсын онцгой комисс иргэдээ аюулт өвчнөөс хамгаалан, гадаад улс орноос монголчуудаа авчирж, халдварт өвчин туссан иргэдээ эмчлэн эдгээж чадлаа.

Монголчуудын сэтгэл зүрхийг цочоосон үйл явдал дунд шатны эмч хүн том алдаа гаргаснаас болж өөрөө огцрох өргөдлөө өгч огцрохдоо хэлсэн үг нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөж би бахархсан. Түүний хэлсэн үгнээс: хариуцлага үүрч явснаас биш зугтаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч явах байдлыг хараад миний охин эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож өрөвдвөл нулимс унагаах ийм л нэгэн Монгол эр хүн. гэж хэлснийг нь үзээд бахархал төрсөн. Цаашдаа энэ хүнээс үлгэр дуурайлал авч жинхэнэ эрхмийн дээд эр хүн байхыг хичээх болно.

Сүүлийн 300 жилд Монгол хүний сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй соёл шашин Монголд их орж ирснээр жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтсон.Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрхэж согтохоороо “Би Чингисийн Монгол” хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширч байна. Гэхдээ энэ үйл явдал байхгүй болно гэдэгт би итгэдэг.Өнөө үед би жинхэнэ эр хүн болохын тулд олон шинж чанарыг өөртөө төлөвшүүлэхээр зорьж байгаа. Үнэнч шударга, тусч ажилсаг, иртэй сэргэг, орчин үеийн технологитой хөл нийлэн алхах мэдлэгтэй зэрэг чанаруудыг төлөвшүүлэх хэрэгтэй гэж бодож явна.

Би Хүннү гүрнээс удамтай хөх толбот  монгол хүний удам. Дэлхийд 1 хүнд ноогдох газрын хэмжээгээр тэргүүлдэг дэлгээд тавьсан тэрлэг шиг эх орноороо бахархаж энэ сайхан нутгийн эзэн болж төрсөндөө үргэлж омогшин байгал дэлхий  уул усаа бахархан харж баясаж  яваа , мөн  эрх чөлөөтэй  сурч амьдарч байгаа элэг бүтэн монгол  хүүхэд.

Эх оронд минь элгэн нутгаа хөгжүүлэх мэдлэгтэй зүтгэлтэй чадалтай зөндөө хүмүүс байдаг.Ийм эрдэм чадалтай улсын ачаар Монгол улс минь хөгжлөөрөө дэлхийн жишигт хүрнэ гэж боддог. Энэ хөгжилд миний оруулах хувь нэмэр ихээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top