Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл “Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ” гэсэн мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хэд хэдэн сонин, сайтад нийтэлсэн билээ.
Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Т.Батдорж нь Улсын Дээд шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаад 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн аж.
Хэвлэлд Т.Батдоржийг 2019 оны хоёрдугаар сараас дансаараа мөнгө авсан гэж бичсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхээс гарснаас хойших үйл явдалд ийнхүү шүүхийн нэрийг хамаатуулснаараа олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл болсон гэж Дээд шүүх үзэж байгаа юм.
Мэдээлэлд нэр дурдагдсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын ажилтан Н.Мөнхтулга нь "Өмгөөлөгч Б.Баасанцогттой ашиг сонирхлын байдал үүсгэсэн гэх байдлыг шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү" гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр гаргажээ.
Авлигатай тэмцэх газраас энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаад ирүүлсэн хариуг олон нийтэд мэдээлнэ гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )