МЭНДЧИЛГЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний яруу алдарт 100 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье!

Өнө эртний бахархам уламжлал, баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ амар амгалан байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, монгол цэргийнхээ түүхэн амжилтыг улам бүр баяжуулсаар ирсэн үе үеийн эх орончид, ахмад дайчид, тэдний залгамж халаа болсон өнөөгийн нийт алба хаагчдынхаа алдар гавьяа, амжилт ололтоор цаг ямагт бахархаж явдгаа баярын энэ өдөр онцлоход нэн таатай байна.

Монгол нутагт үүссэн анхны төрт улсаас хойших манай орны яндашгүй баялаг түүх, баатарлаг ялалт, бахдам амжилт бүхэн нь монгол цэргийн эрэлхэг гавьяа, идэвх зүтгэлтэй салшгүй холбоотой байдаг. Тиймээс үе үеийн монгол цэргүүд, өнөөгийн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь төрт улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, ард түмнийхээ аж амьдрал, соёлыг дээшлүүлэх, бүтээн байгуулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хилийн чанадад энхийг сахиулах зэрэг бүтээлч үйл ажиллагаагаараа улс орныхоо хөгжил дэвшилтэй бүхий л сэжмээр холбогдож, ямагт манлайлагч хүчин нь байсаар ирсэн түүхтэй.

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн хөгжлийн түүх нь улс орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалсан мятаршгүй тэмцэл, эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнч зүтгэсэн үе үеийн эх орончдын гавьяат үйлс, цэрэг, армидаа бүхий л талаар тусалж, хайрлаж ирсэн ард түмний сэтгэл, зүтгэл, даян дэлхийд энх амгаланг тогтоохын төлөө халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын түүх юм. Тиймээс бид энэхүү түүхт 100 жилийнхээ ойг монгол хүмүүн бүрийн баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэхийн хамт эрт, одоо, ирээдүйг бэлгэдсэн гурван цагийн эргэлтэд амжилт ололт, алдаа оноогоо үнэлэн дүгнэж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойллоо.

Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчин нь хөгжил дэвшлийн дараагийн зуун жилийн гараан дээр ирснээр мэргэжлийн цэрэг бүхий Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, цэргийн сургалт бэлтгэл нь шинжлэх ухаан, технологи, инновацад суурилж, бэлэн байдал, зэвсэглэл, цэргийн техник, үүрэг гүйцэтгэх чадвараар дэлхийн жишигт хүрэхийг бид зорих болно.

Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж байгаа бүх шатны албан тушаалтны идэвх санаачилга, хичээл зүтгэл, дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэйн дээр Та бид өмнөх амжилт ололтдоо тулгуурлан дайчин замнал, түүхэн уламжлалаараа Зэвсэгт хүчнийхээ хөгжил, төлөвшилд бодит хувь нэмрээ оруулан их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэндээ Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top