ДАРХАН-УУЛ: Цахим үйлчилгээг "НЭГ МАЛГАЙ"-нд оруулах шаардлагатайг онцоллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал ч гэж тодорхойлдог. Нийгмийн хөгжлийн хэрэгцээг дагаж төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах шаардлага эхнээсээ ажил хэрэг болж байгаагийн нэг нь “Цахим Дархан” төсөл юм.

“Цахим Дархан” төслийг боловсруулалтад мэргэжлийн салбарынхан буюу төрийн болон хувийн хэвшлийн програмист, IT инженерүүдээс санал авах ажлыг өнгөрсөн мягмар /2021.03.16/ гаригт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа. 

"Цахим Дархан” төслийн хүрээнд E-Mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн системд орон нутгийн төрийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний цэсийг нэмэх, хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээнд ухаалаг системийг нэвтрүүлэх тал дээр ажиллах тухай Мэдээлэл технологийн албаны ахлах ажилтан С.Баяраа танилцуулав.  

Хэлэлцүүлэгт оролцсон инженерүүд нийгмийн салбар бүр дор дороо ердийн апплекейшинд суурилсан мэдээллийн бааз үүсгэхээс илүүтэйгээр нэн тэргүүнд нэгдсэн цахим бодлого боловсруулж, түүнийгээ дагаад дэд бүтцийг нэн даруй шийдвэрлэх, төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэгдсэн сүлжээнд холбох, иргэдийн цахим хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг саналуудыг гаргалаа.

Мөн аливаа байгууллага нь интернет сүлжээний хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх, ингэснээр сүлжээ доголдох асуудалгүй болж, төрийн үйлчилгээ түгжрэлгүй явагдах эхний нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top