Дарханы ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ баталлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021.03.15-ны ээлжит хурлаар “Монгол улсын цол, одон медальд уламжлах  тухай”, “Дархан-Уул аймагт Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай”, “2021 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай”, “Халамжаас хөдөлмөрт” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, “Иргэний зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2021.03.15/ цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 20 иргэн байхаар тогтоов.

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Дүйцүүлэх албанд хамрагдсан иргэд орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтэд сахиулж ажиллахад дэмжин туслах зэрэгт үүрэг хүлээн оролцох юм. Мөн орон нутагт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

“ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2021.03.15/ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас боловсруулсан “Халамжаас-хөдөлмөрт” аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Уг хөтөлбөр нь нийгмийн халамж хүртэгч-Зорилтот бүлгийн иргэдийн амьдралын чиг хандлагыг өөрчилж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд халамжаас хөдөлмөрт шилжих өрх, иргэдийн суурь судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх, зорилтот бүлгийн өрх иргэнийг мэргэжил эзэмшүүлж, сургалтад хамруулах, хөдөлмөрт бэлтгэж байнгын ажлын байранд зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулах замаар хувиараа хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ.

Үүнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг өрх иргэн, зорилтот бүлгийн болон ажилгүй иргэдийг хамруулах ба хөтөлбөр хэрэгжих хугацаанд жил бүр нийгмийн халамж хүртэгч зорилтот бүлгийн 525 өрх, 4 жилийн хугацаанд 2100 өрхийн амьжиргаа дээшилж, ажил хөдөлмөр эрхлэгч өрхийн гишүүдийн тоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ халамж хүртэгч иргэдийн тоо 30 хувиар буурах үр дүнг энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтээс хүлээж байгаа юм.

“ШАРИЛЖГҮЙ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хаврын улиралд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамал цэцэглэж, дохиурын тоосовч задран салхиар агаарт жижиг тоосны мөхлөгүүд болж амьсгалын зам, арьсны салстыг мэдрэг болгож, харшил үүсгэх нөхцөл шалтгаан болдог. Энэхүү нөхцөл шалтгааныг бууруулах зорилгоор “Шарилжгүй-Дархан” дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлж, Дархан сумын 134 га талбайн шарилж лууль, хөл газрын ургамлыг устгах ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ.

Үүний үр дүнд нийтийн эзэмшлийн эзэнгүй 86 га, баг, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах 16 га, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын эзэмшлийн 29 га талбайд устгал хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд хог ургамалтай тэмцэхэд орон нутгийн төсвөөс 25.0 сая орчим төгрөгийг зарцуулсны үр дүнд харшлын шинж чанартай өвчлөл 43 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2021.03.15/ “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн тайлантай танилцаж, Тэргүүлэгчид уг хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэн шаадлагатай хэмээн үзсэн юм.  Уг хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлснээр аймаг болон сумын төвийн нийт 441,6 га газрын хог ургамал устгаж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг 441,6 га газраар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.17.181) 2021 оны 03 сарын 19

Зам ,халуун ,дулааны ,шугам ,татах ,гээд ,том ,асуудал ,байхад ,шарилж ,ярьж байх ,юм. Арай ч дээ. Нэг ,бөайгуулагад ,даалгах ,юм уу,суботникоор шийдэх амархан асуудал.

0  |  0
Top