Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярыг тохиолдуулан казах түмний төлөөллийг хүлээн авч уулзан баяр хүргэв. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аубакир, УИХ-ын гишүүн асан, Зам, тээврийн сайд асан, Гавьяат тээвэрчин Р.Сандалхан, УИХ-ын гишүүн асан, Элчин сайд асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч Т.Султан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, доктор А.Тлейхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан, МАН-ын даргын зөвлөх А.Гылымхан, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч А.Нота, МУИС-ийн ахлах багш, доктор, профессор Б.Алтангүл, өндөр настан Х.Сауле, К.Хожа болон залуу үеийн төлөөлөл Т.Ахтилек байлцлаа.
Ерөнхий сайд улс төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, азай буурлуудаар дамжуулан казах түмэнд Наурызын баярын мэндийг хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс хүргэв. Улс орноо хөгжүүлэхийн төлөө эвийн хүчийг эрхэмлэн, эрдэм ухаанаа нэгтгэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлэв.
Наурызын баярыг улс орнуудад Нарны, Хаврын баяр хэмээн янз бүрээр нэрлэдэг. Энэ нь өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр юм. Энэ өдөр бол ахасаа хүндэтгэх, найрамдаж нөхөрлөх, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн мөчлөгт хүний амьдралын аз жаргал, баяр баясгалан, ёс заншил, соёл уламжлалыг холбосны баяр.
Казах түмний дунд байдаг домог яриагаар 03 дугаар сарын 21-ний өдөр бурхан цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй, сайн сайхан байдаг гэлцдэг. Баярын өдөр айл бүр хоол ундаар элбэг дэлбэг байхын зэрэгцээ бие биенийдээ зочилж, амар мэндээ эрэн, ерөөл айлдаж, дуулж хуурддаг. Долоон төрлийн зүйлээр амталсан наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах бөгөөд нар жаргах үед харилцаа тэмцээн буюу “Айтыс” эхэлдэг байна.
Казах түмний ёс заншил, соёл уламжлал, идээ ундааны соёл, ерөөл, магтаал, аман өв, гар урлал, зан үйлийн цогц илэрхийлэл болсон Наурызын баяр нь Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад байдаг. 2009 онд ЮНЕСКО Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтдаа бүртгэсэн. Мөн 2010 онд НҮБ жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын Наурызын баярын өдөр” болгон тунхаглажээ.
Монгол Улсын нийт хүн амын 3.8 хувь буюу 120 гаруй мянга нь казах иргэн. 77.7 хувь нь Баян-Өлгий аймагт, бусад нь Ховд, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод оршин суудаг. 21.2 хувь нь дээд боловсролтой, 49.3 хувь нь байнгын ажилтай. Хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 41.9 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуурын салбарт ажилладаг байна.
Наурызын баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ нутгийн 300 орчим сая хүн тэмдэглэдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Монгол доторх жинхэнэ цагтай мина бол энэ хасагууд шүү. Юун хужаа нар. Наадуул чинь нэг босвол Мояачууд дийлэх ч үгүй. Хужаа нар хүртэл Шинжааны хэдэн хасагтай яаж үйлээ үзэж байна. Их гүрэн тулдаа л дарж байна. Мояачууд бол амжихгүй шүү!!
Сэтгүүлч мэдлэгтэй баймаар юмаа. Хүний цол хэргэмийг буруу ташаа бичих юм, ардын эмчийг гавьяат эмч гэж ч байх шиг
хоолны савнууд хөөж явуул өмхий хасагууд