Монгол хүүхдүүд дан гадны зохиолоор хүмүүжиж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцсон байна.

Энэ удаагийн уулзалтаар номын агуулга, стандарт, Монголд хэвлэгдэн гарч буй орчуулгын зохиолыг сайжруулах, хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудал, дэлхийд танигдах, нөлөөлөхүйц зохиолоо олон улсад орчуулан гаргах, урлагийн шүүмж судлалыг бодитойгоор хөгжүүлэх сэдвийн хүрээнд ярилцжээ.

Түүнчлэн хүүхдийн зохиолчдыг төрөөс бодлоготой дэмжиж, хүүхдэд зориулсан бүтээлийг нас насны ангиллаар хэвлэн нийтлэхэд анхаарахгүй бол Монгол хүүхдүүд дан гадны зохиолоор хүмүүжиж буйг онцолж байв.

Ном хэвлэлийн салбарынхан ном хэвлэлийн түүхий эдийг гадаадаас үнэтэй оруулж ирснээр номын өртөг өндөр байна, тиймээс татварын хөнгөлөлтөд анхаарах, ном хэвлэлийн бодлогыг зангидсан зөвлөлтэй болох, дижитал номын санг хөгжүүлэх, дижитал стратегийг хэрэгжүүлэх, Монгол зохиол бүтээлээ олон улсад таниулах, монголч эрдэмтдийг бодлоготойгоор урин ажиллуулах зэрэг асуудалд онцгой анхаарч дэмжиж өгөхийг хүсжээ.

Уулзалтад ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзул, Номын сан ном зүйн инновацын хүрээлэнгийн тэргүүн Б.Түвшинтогтох, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, Монголын уран зохиолын академийн Ерөнхийлөгч, зохиолч, доктор, профессор До.Цэнджав, ISBN агентлагын Удирдах зөвлөлийн дарга Р.Энхбат, "Утга зохиол судлалын төв" ТББ-ын тэргүүн Д.Гүн-Үйлс, Хүүхдийн зохиолчдын "Эвт үзэг" төвийн Удирдах зөвлөлийн дарга Б.Нацагдорж, "Эвт үзэг" төвийн гүйцэтгэх захирал Б.Ганчимэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн П.Батхуяг, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Даваасүрэн, Монголын хэвлэх үйлдвэрийн холбооны тэргүүн Д.Лувсандорж, "Содпресс" ХХК-ны захирал С.Алтантуяа нар оролцсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top