Мэргэн буучид Лондонг зорихын тулд Азийн аваргыг хүлээх л үлдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Буудлагын дэлхийн цомын тэмцээн Германы Мюнхен хотноо боллоо. Энэ удаагийн тэмцээн мэргэн буучдын хувьд олимпийн эрх авах сүүлчийн боломж байв. Гэвч манай хоёр ч тамирчин олимпийн эрхээс атгаад алдлаа. Тэмцээний сүүлийн өдөр хийн гар бууны арван метрийн дасгалд манай гол найдвар болсон Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч мэргэнээ сорьсон. Харамсалтай нь Ц.Мөнхзул олимпийн эрхээс атгаад алдлаа. Урьдчилсан буудлагад дөрвөн тамирчин 385 оноо авсны нэг нь манай тамирчин. Нэмэлт буудлагад манай мэргэн бууч хамгийи бага оноог авснаар аравдугаар байрт орлоо. Тэрээр хэрэв финалд шалгарсан бол олимпийн эрх авсан хоёр дахь мэргэн бууч, Монголын дөрөв дэх тамирчин болох байлаа. О.Гүндэгмаа энэ дасгалд амжилтгүй буудаж 371 оноогоор 93 дугаар байр эзэллээ. Харин Т.Баярцэцэг 376 оноотой ажээ. Хийн гар бууны арван метрийн дасгалд Герман, Польш, ОХУ-ын мэргэн буучид олимпийн эрхийн болзол хангасан байна. Ийнхүү манай тамирчид олимпийн эрхийн төлөө ирэх оны нэгдүгээр сард болох буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээх л үлдлээ. Хэрэв амжилтгүй оролцвол Лондоны олимпод ганцхан мэргэн бууч эх орноо төлөөлөх нь.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top