Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын маргаан хурцадлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Тийм ээ, та буруу сонсоогүй. Тэртээ тэргүй олон асуудалтай байгаа Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагчдын маргаан улам хурцадлаа.

Уул уурхайн портал Mining цахим хуудасны мэдээллээс харвал өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон компани гомдол гаргажээ. Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Пентуотер Капитал” компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлогдсон бодит шалтгааныг Рио Тинто компани нуун дарагдуулж байгаа гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна.

Оюу Толгой төслийн хугацаа хойшилсон тухай мэдээлэл 2019 оны долоодугаар сард анхлан цацагдсанаас хойш "Пентуотер Капитал" тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчид үнэн зөв мэдээллийг шаардсаар ирсэн. Геологийн нөхцөл хүндэрсэн, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон зэрэг асуудалд хөрөнгө оруулагчид тэгш мэдээлэл авч чадаагүй гэж тэд шүүмжилж байсан, одоо ч шүүмжилсээр байгаа. Энэ утгаар нь харвал “Пентуотер Капитал” компани зарга мэдүүлэх нь цаг хугацааны асуудал байсан гэж дүгнэж болно. Тэд зарга мэдүүлэхдээ илүү нухацтай ханджээ. Чухам ямар утга агуулга бүхий зарга Нью-Йоркын шүүхэд тэд илгээх болов.

Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тэр ч бүү хэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгааныг тодруулахын тулд “Рио Тинто” болон түүний гэрээлэгч компанид ажиллаж байсан 12 албан тушаалтнаас асуумж авч, мэдүүлэг бичүүлжээ. Дээрх 12 албан тушаалтнууд нь бүгд дунд шатны удирдах түвшний хүмүүс байгаа нь мэдүүлгийг илүү чамбайруулж байгаа гэж дүгнэж болно.

Улмаар мэдүүлгийн дүгнэлт хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн уг шалтгаан нь инженерийн чадамжгүй бүтээц, Хятадын ган төмрийн буурч буй эрэлт, хангалттай худалдан авалт хийхгээгүй зэрэг болно гэж дурджээ. Өөрөөр хэлбэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг нь зүгээр шалтаг бөгөөд тэртээ тэргүй алдагдалтай байгаа төслийн зардлыг нэмэгдүүлэх замаар Рио Тинто компани алдагдлаа нөхөх гэж байна гэж тэд дүгнэж буй хэрэг.

Хэрэв уншигч та санаж байгаа бол он дуусахаас ердөө нэг сарын өмнө “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани Канадын арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх тухайгаа нийтэд зарласан. Чухам энэ цаг үеэс “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын уг шалтгаан, суурь нөхцлийг тодруулахыг Туркойз Хиллээс цаашлаад Рио Тинтогоос ил цагаан шаардах болсон юм. Анх далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ үзэглэж байсан 2015 онд ч, түүний дараах ерөнхий төлөвлөгөөнд ч геологийн нөхцөл байдлын талаар дутуу судалсан, инженерийн бүтээмжүүд техникийн шаардлага хангаагүй зэргийг” Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын аль, аль нь маш хожуу ухаарсан нь хамгийн том алдаа гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Түүнчлэн шүүхэд зарга мэдүүлсэн 12 хүний нэг “Редпат” компанид ажиллаж байсан нэгэн эрхмийн гомдол эрхгүй анхаарал татна. Тухайн гомдол гаргагч нь “Оюу Толгой” төсөлд туслан гүйцэтгэгч “Редпат” компани ахлах менежерийн алба хашиж байсан бөгөөд мэдүүлэгт дурдсан нь “геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мэдүүлэг гаргагчдын дийлэнх нь Рио Тинто компанид Оюу Толгой төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл гэдгийг мэдүүлэг гаргагчид тодотгож буй. Техникийн алдаа гаргасан гэдгийг “Редпат” компанийн өөр нэгэн менежер мэдүүлэгтээ дурджээ. Уул уурхайн портал “Mining” цахим хуудсын мэдээлснийг харвал далд уурхайн үндсэн босоо амны бүтээцийг хийхэд хийцийн хувьд алдаатай, ган эд ангиудыг техникийн шаардлагад нийцүүлэн угсраагүй, холболт сул, ашиглахад аюултай гэж дүгнэж буй аж. Пентуотер Капитал компани Нью-Йорк хотын арбитрын шүүхээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж улмаар “Оюу Толгой” төслийн далд уурхайн хоёрдугаар босоо амын бүтээн байгуулалтын ихэнх хэсгийг дахин эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хэрэв үнэхээр энэ ажлыг хийвэл хөрөнгө оруулалтын зардал одоо байгаагаас ч нэмэгдэх магадлалтай.

“Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид чухамдаа ийм маргаан гарч магадгүй гэж үзэн 2017-2018 онуудад анхааруулж, Рио Тинто компанийг мэдээллээр хангахыг шаардаж байсан ч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс хугацаа хойшлохгүй зардал нэмэгдэхгүй гэж мэлзсээр байв. Тэд зардал 5.3 тэрбум ам.доллароос хэтрэхгүй, 2021 оны эхний улиралд анхны үйлдвэрлэлээ эхлэнэ гэж зарласаар, хэвлэлийн мэдээндээ ч дурдсаар байлаа. Гэвч хөрөнгө оруулагчдын таамаглал үнэний хувьтай байж. “Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. “Рио Тинто” компани 2020 оны арваннэгдүгээр сард мэдэгдэл гаргахдаа үүнээс ч хойшилж магадгүй гэдгийг онцолсон нь “Туркойз Хилл Ресурс” болон хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн юм. Тиймдээ ч “Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс" компани Канадын арбитрын шүүхээр маргаанаа эцэслэхээр болсон. “Пентуотер Капитал” компани гаргасан мэдүүлэгтээ “Энэ бүхний эцэст "Туркойз Хилл Ресурс" компанийн хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээлээ. Оюу Толгойн далд уурхайн зардал нэмэгдэж, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон тухай мэдээлэл нийтэд цацагдсан үед "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцаа үнэ цэнийхээ 70 гаруй хувийг алджээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Оюу Толгойн драм ийнхүү үзэгдлийнхээ хамгийн оргил хэсэг дээр ирлээ. Нэг талаас Монгол Улсын Засгийн газартай үүсгэсэн татварын маргаан, нөгөө талаас хоёр том хөрөнгө оруулагчдын арбитрын маргаан, үүн дээр нэмэгдээд “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн маргаан гарч ирсэн ч “чөтгөрийн гурвалжин” гэгч л болоод байна. Далд уурхайн анхны үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх хуваарьтай байгаа ч бүрэн үйлдвэрлэл эхэлтэл хамгийн эртдээ 2025 оноос наашгүй. “Оюу Толгой” төслийн ажил өмнийн говьд эхэлснээс хойш “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчидэд “Рио Тинто” компанийн бодлого таалагдаж байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хурал болох бүрд жижиг хувьцаа эзэмшигчид ямар нэгэн байр суурь илэрхийлдэг байлаа. Хэдийгээр жижиг нэртэй боловч Рио Тинто компанид үзүүлдэг нөлөөллийг нь жишиж ярьвал”том” гэж дүгнэж болно. Рио Тинто компани зөвхөн манайд хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслөөс гадна хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг төслүүд нь бүгд л маргаан дагуулдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчид тус компанид шүүмжлэлтэй хандаж ирсэн.Энэ шүүмжлэл ийнхүү Нью-Йоркын шүүх дээр очих хүртлээ өндрөө авах хувьтай байж. Рио Тинто компанийн зэсийн салбарыг манай монголын Б.Болд хариуцах болсноос хойш Засгйин газартай “Оюу Толгой”-н өгөөжийг нэмэгдүүлэх талаар нухацтай хэлэлцэх болсон. Чухам ийм л учраас төслийн цаад учир шалтгааныг мэдэхийн тулд “Пентуотер Капитал” компани шинэ зарга мэдүүлэхээр шулууджээ. “Оюу Толгой” төслийн хамгийн чухал үе шат нь далд уурхайн бүтээн байгуулалт. Үүнийг “Рио Тинто” ч, “Туркойз Хилл Ресурс” ч удаа дараа мэдэгдэж байсан. Хэрэв үнэхээр саад бэрхшээлүүдээ даван тулаад ашиглалтад орж чадвал “Оюу Толгой” төсөл 2028-2036 оны хооронд 480 мянган тонн зэсийг нэг жилд олборлон борлуулах болно. Гэвч ингэтлээ асар их зүйлийг туулах хэрэгтэй болж байх шиг. “Туркойз Хилл Ресурс” бол Рио Тинтогийн 51 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч. “Оюу Толгой” төсөл анх гараанаас гарч байхад хамгийн баяртай байсан нь тэд. Гэхдээ “Туркойз Хилл Ресурс” компани төсөл хэрэгжсэнээс хойш баярлаж байсан удаа үгүй.

Учир юунд вэ гэвэл "Рио Тинто" компани анхнаасаа Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадаагүйд байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хэд, хэдэн хурал дээр чухам энэ асуудлаас болж бичиг, цаас шидилцэх дээрээ тулж байлаа. Өнгөрсөн 2019 онд УИХ-аас Оюу Толгойн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулахад хөрөнгө оруулагч талаас буюу “Туркойз Хилл Ресурс”-аас гурав, “Эрдэнэс Оюутолгой” компаниас гурван төлөөлөгч байлцуулан далд уурхайн хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудлыг нягтлахаар болсон. "Рио Тинто"-гоос төлөөлөгч байлцуулаагүй нь нэгэн арван өнгөрөөд байхад “Оюу Толгой” өмнөговьдоо л эргэцсээр байгаатай ч мөн холбоотой. Хөрөнгө оруулагчид “Оюу Толгой” төслийг одоо бүр мөсөн цуцлаад, зогсоож чадахгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Үнэхээр цуцаллаа гэхэд тэр их хөрөнгө оруулалтын зардлыг Монгол Улсаас нэхэмжилсэн ч өнөөх нь төлбөрийн чадваргүйг тэд ойлгож байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлыг хэлэлцээрийн ширээний ард суугаад нарийн тодорхой болгох байр суурьтай байгааг “Туркойз Хилл Ресурс” компани удаа дараа мэдэгдээд байна.

Хөрөнгө оруулагчдын маргаан ийнхүү улам хурцадлаа. Цаашид чухам хэрхэхийг ирж буй сарууд харуулна. Арбитрын гурван ч маргаантай нүүр тулаад, одоо Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суулаа. Эхэлснээсээ хойш нар үзэлгүй, эргэцсээр буй “Оюу Толгой” төсөл хэрхэхийг хөрөнгө оруулагчид, арбитрын шүүгчид мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.68) 2021 оны 03 сарын 29

Төсөл хэрэгжүүлэгч нь Рио тинто, энэ бүх луйвар булхай будилааныг тэд зохион байгуулж хийсэн. Тиймээс Рио-гоос бусад жижиг хувьцаа эзэмшигчид бүгд хохирол хүлээсэн. Рио тинто үнэнд гүйцэгдэж байна.

0  |  0
tur(103.212.117.127) 2021 оны 03 сарын 29

HUGTSAA HOJIJ BAINDAA....ENE HUGTSAAND GARDAG YUMGARDAGAARAAL HJEDEN ZUUN TONNOOROOL GARCHIL BAINDAGa\n

0  |  0
иргэн(64.119.23.27) 2021 оны 03 сарын 29

Бичих гэж балладаг хүн байна. ”Манай Монголын Рио Тинто дахь Болд” монголоо хайрлаад Монголтойгоо яг яриад сайхан болгох гэж байсан чинь дайсны талын бага хувьцаа эзэмшигчид шүүхэд гомдол гаргаад байгаа юмаадаа энэ хүнийхээр.

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 29

Энэ төсблд монголчууд баялгаараа хөрөнгө оруулалт хийсэн тул зөвхөн ашиг хүртэж татвараа авах ёстой. Гэрээг ингэж өөрчилж гэрээ байгуулахад оролцсон этгээдүүдэд өнгөрсөн 10 жилийн алдагдлыг тооцож шинэ гэмт хжрэг үүсгэж яллах ёстой. 2009 оны УИХ ын гишүүд хам хэрэгт унана.

1  |  0
Top