Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь (Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан) заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг өчигдөр (2021.03.29) 10:00 цагт товлосон боловч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь Ковид-19 цар тахлын ойрын хавтигч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт ирүүлжээ.
Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийг сануулахад, өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад тухайн сарын 23-нд “Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна” гэсэн дуудлага тус хорооны оршин суугчаас ирж, цагдаагийн алба хаагчид хэргийн газарт зургаан цаг үзлэг хийж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг яллагдагчаар татаж, цагдан хорьсон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )