Хурандаа Д.Ганзоригийг ялалтын 75 жилийн ойн дурсгалын медалиар шагнажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзоригийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн дурсгалын медалиар шагнажээ.

Шагналыг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович нар өнгөрөгч баасан гарагт болсон "Хүн-Эх дэлхий-Сансрын уудам" сэдэвт үзэсгэлэнгийн хаалтын ажиллагааны үеэр гардуулсан юм. Хүн төрөлхтний төлөөлөл сансрын уудамд ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний болон Сансрын хамтарсан нислэг үйлдсэний 40 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд сансар судлалын түүхэнд тохиосон онцлог үйл явдлууд, орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилтыг сурталчлан таниулсан уг үзэсгэлэн өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 2-ны өдрүүдэд гарсан. Энэ үеэр Монгол Улс болон ОХУ хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсан, ойн бусад арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, шагнаж урамшуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top