Спортын ордонд хамгийн их "ЭРХЭЛСЭН" холбоод одоо "БИЕ ДААХ" болсон

Ж.Сондор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

БТСУХ (Биеийн тамир, спортын улсын хороо), Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны хооронд үл ойлголцол үүсжээ.

Монголын оюутны спортын холбооноос өчигдөр /2021.04.08/ хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, БТСУХ-ноос тус холбооны үйл ажиллагаагаа явуулдаг ажлын өрөөг суллах шаардлагыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн, мэдээлэл хийв.

Энэ талаар БТСУХ-ноос тодруулахад, “БТСУХ-ны зүгээс шаардлага гэхээсээ илүү одоо ашиглаж байгаа өрөөгөө хүлээлгэн өгч, өргөтгөл хэсэг рүү нүүж орох хүсэлт тавьж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн” гэх мэдээллийг өглөө.

Хөндлөнгөөс харахад, энэ нь спортынхон нэг нэгнээ Спортын ордноос хөөж туусан, спорт холбоодыг ялгаварласан үйл явдал мэт харагдавч үнэн бодит байдал нь сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалагдаж ирсэн Биеийн тамир, спортын газар нь өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр Биеийн тамир, спортын улсын хороо буюу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай болсны дараа хуулийн дагуу өрнөж буй процесс юм.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 181 дугаар зүйлийн 18.1.3-т зааснаар Агентлагийн байранд үндсэн үйл ажиллагаатай нь холбоогүй аж ахуй нэгж байгууллага байрлахыг хориглосон хуулийн заалттай.

Энэ хуулийн хүрээнд Биеийн тамир, спортын газрын үе үеийн удирдлагууд БТСУХ гэж агентлагийн байранд үйл ажиллагаа явуулж, түрээсэлж ирсэн спорт холбоод болон бусад үндсэн үйл ажиллагаатай холбоогүй байгууллагуудад өрөөгөө суллаж өгөх асуудлыг танилцуулж, тэднийг Спортын төв ордны арын өргөтгөл хэсэгт шилжүүлэхээр зохицуулалт хийж эхэлжээ.
 


Ингэж төрийн байгууллагын хууль, дүрэм, агентлагийн хүлээх үүргийн дагуу, үндсэн үйл ажиллагаа явуулж буй ажилчдын ажлын байр, өрөөг хангах чиглэлийнхээ хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн ажил Спортын төв ордонд 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан Оюутны спортын холбоог бухимдахад хүргэсэн бололтой.

МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан “БТСУХ-ноос 2021 оны хоёрдугаар сард манай холбоог байраа чөлөөл гэсэн шаардлагыг тавьсан. Үндэслэлийг нь асуухад агентлагийн байранд хамааралгүй холбоод байрлахгүй, байраа чөлөөл гэсэн. Монголын оюутны спортын холбоо 93 их, дээд сургуультай хамтран ажилладаг. Бид холбооныхоо ажилчдын цалинг өөрсдөө гаргадаг. Биеийн тамир, спортын улсын хороо байрны асуудлыг шийддэг. Биднийг Спортын төв ордны зүүн тал руу нүүж ор гэсэн. Тэнд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй” гэж өчигдөр мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.

Харин БТСУХ-ноос “Монголын оюутны спортын холбооны үйл ажиллагааг хаасан зүйл байхгүй. БТСУХ нь өнгөрсөн жилээс агентлагийн статустай болсон учир Төрийн байгууллагын ажиллаж буй газар хувийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж болохгүй гэсэн Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бид Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нүүлгэж байгаа. Спортын төв ордны зүүн талын өргөтгөлд 10 гаруй өрөө, хурлын танхим бэлдсэн. Өргөтгөл рүү нүүж орохыг холбоодод зөвлөж байгаа. Спортын төв ордонд ажилладаг кофе шоп, дэлгүүрүүдийн гэрээг цуцалсан. Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүс орж гардаг учир зөвхөн паралимп болон дифлимпын холбоог Спортын төв ордонд үлдээх шийдвэр гарсан. БТСУХ өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын тохируулагч агентлаг болон өргөжин, бүтэц шинэчлэгдсэнээр орон тоо нэмэгдэж,  ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл буюу өрөө тасалгааны хүрэлцээ муудсан. Зарим нэгжийн мэргэжилтнүүд ширээгээ хуваан ашиглаж байгаа. Энэ бодит байдлыг Спортын төв ордонд байсан спорт холбоодын удирдлагууд бүгд мэдэж, ойлгож байгаа. Тийм ч учраас төрийн байгууллагын ажлыг хүндэтгээд, өргөтгөл рүү нүүж байгаа” гэсэн тайлбар өглөө.

БТСУХ нь хуулийн дагуу энэ оны хоёрдугаар сараас эхлэн Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, холбоодод мэдэгдэл хүргүүлж,  улсын өмчлөлийн өрөөнүүдээ буцаан авах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.  

Энэ хүрээнд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын боксын холбоо, Монголын таэквондогийн холбоо, Монголын гимнастикийн холбоо, Монголын самбо бөхийн холбоо гэхчлэн нийт 10 гаруй байгууллага Спортын төв ордон дахь өрөөгөө суллан өгч, Төрийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг ханган, хамтран ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Спортын төв ордонд үйл ажиллагаагаа явуулдаг байсан спорт холбоодын ажлыг алдагдуулахгүйн тулд өргөтгөл хэсэгтээ засвар хийж, шинээр бэлдсэн өрөөнүүдэд спорт холбоодыг нүүлгэн шилжүүлэх дэмжлэг үзүүлжээ. Гагцхүү төрийн захиргааны төв байгууллага дотор ашиглаж буй өрөөгөө суллаж өгөн, өргөтгөл хэсэг рүү нүүж орохыг спорт холбоодод хүргүүлсэн ч Д.Баясгалан ерөнхийлөгчтэй Монголын Оюутны спортын холбоо ийн ганцаар эсэргүүцэл илэрхийлэн, үлдээд байна.


МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨРӨӨНҮҮДИЙГ 20 ГАРУЙ ЖИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАЖЭЭ
 

“Монголын оюутны спортын холбоо” төрийн бус байгууллага нь төрийн өмчийн байгууламж буюу Спортын төв ордны зүүн жигүүрийн I давхрын 104  тоот өрөө болон III давхрын нэг өрөөнд тус тус үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш түрээсийн болон нэмэлт ямар ч төлбөргүйгээр Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ нь уг нь төрөөс тус холбоогд дэмжиж ирсэн олон хүчин зүйлийн нэгээхэн хэсэг нь гэж илт харагдахаар.

Хэрэв МОСХ-ны ашигладаг 36м2 өрөөг м2-ын үнийг хамгийн багадаа 15 мянган төгрөгөөр тооцож үзвэл сард 540 мянга, жилд 6,480,000 мянга, 21 жилийн хугацаанд 136,080,000 төгрөгийн түрээсийн төлбөр авах байжээ гэсэн үг. Үүнийг дэмжлэг гэх үү, дарамт гэх үү?

Спорт гэлтгүй, ер нь төрийн үйл ажиллагаа явагдаж байгаа аль ч салбарт бүхнийг эсэргүүцэх, бүгдийг төрийн буруу болгох гэдэг, төрийн ажилд хүндэтгэлгүй хандах гэдэг ийм уур амьсгал, хандлага ажиглагддаг.

Үйл ажиллагаагаа явуулах үнэ төлбөргүй өрөө гаргаад өгч байхад түүн рүүгээ Спортын ордны урдуур орно уу, ардуур орно уу энэ гол асуудал биш. Өрөө сав мэтээс эхлээд салбарын удирдах байгууллагын гаргасан шийдвэр, үйл ажиллагаа бүрийг сөрөөд байвал ажил яаж явах юм билээ. 

Спортын төв ордны өрөө, тасалгаа, тэр байтугай бэлтгэлийн заал танхимд архи дарс уусан, согтуурсан гэх асуудал олон жилийн өмнөөс сонсогдож ирсэн. Тэнд хоолны газар, дэлгүүр хоршоо, хэд хэдэн үйлчилгээний байгууллага, хэвлэлийн компани, спорт холбоод гээд хөл толгой нь мэдэгдэхээ байсан нь ч үнэн. Спортын төв ордонд спортын төрийн бодлого, тамирчдын бэлтгэл сургуулилт гэсэн хоёр ажил л хоршиж явдаг байхад хангалттай шүү дээ.

Болохгүй гэсэн талаас нь харвал болох юм юу ч олдохгүй ээ.... Спортын төв ордонд олон жил үнэ төлбөргүй сууж, хамгийн их эрхэлсэн холбоод одоо насанд хүрч, "бие даах" цаг болсон баймаар. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(71.145.200.171) 2021 оны 04 сарын 11

Шараваа дарга 1жил гаруйн өмнө МҮОХ-нд түрээсээ төлөөгүй хөөгдсөн холбоог манай дээр хүрээд ир гээд түрээсээ төлдөггүй холбоог өөгшүүлээд байсан биз дээ, буруу үйлдлийг бүү өөгшүүлж бай гэж энэ дээ.

0  |  0
Boldoo(203.91.115.55) 2021 оны 04 сарын 10

Улсын мөнгийг яаж идэх талаар л бодохоос өөр юм хийдэг юмуу энэ жагаа гээд луйвирчин одоо болтол байдаг юмуу манаахан хүнийг амархан мартах юмдаа яаж идэж ууж байсныг нь бичээч

1  |  0
Нараа(222.117.233.42) 2021 оны 04 сарын 09

Хувийн холбоонууд ОУМастер цолыг үнэ цэнэгүй өгдөг

0  |  0
Зочин(202.9.46.63) 2021 оны 04 сарын 10

Эрхэлнэ гэж ямар гарчиг өгч байнаа. Спортын үйл ажиллагааг хэнээс ч мөнгө гуйхгүй бор зүрхээрээ явуулж байгаа холбоо болон холбоодоо дэмжихгүй шахан гадруурхаж болохгүй. Шаравжамц гэж нөхөр өмнөх ажлаа хийж чадахгүй орон нутагт халдвар тарааж харин төрийн албанд эрхлээд байгаан биш үү. Танайх нэг талыг барин ёс зүйгүй мэдээ сурвалжлага явуулахаа болих хэрэгтэй

0  |  1
Голомт ганц өрөө (43.228.131.118) 2021 оны 04 сарын 10

Голомтын босс олон жил ерөнхийлөгчийг нь хийсэн хүн. Монголын оюутан тамирчдын ачаар олон улсад чамлахааргүй нэр хүндийг хүртсэн нэгэн өөрийн Голомтын олон байшингаас ганц өрөө гаргаад өгчих чадалтай л байлгүйдээ. Арай ч дээ.

2  |  0
Чинцогт(202.55.188.35) 2021 оны 04 сарын 08

Улсын хөгжил спортоор нь авч үздэг. Эрүүл ч бай, Паралимпийн болон тусгай спортын тамирчидыг дэлхийн жишигт хөгжүүлснээр ОУ- ын спортын зах зээлд экспорт чиглэсэн спортыг бизнесийг (төр, хувийн хэвшил, Спорт холбоодуутайгаа) хамтран хуваалцсанаар нийгмийн эрүүл мэнд, эдийг засагаа хөгжүүлэх цаг болсон. Энэ бүхнийг хаана ханаа ойлгох болсон.

0  |  0
Top