“Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” хоёр хэлэлцээ угтан ТОХИРОЛЦЛОО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

 

Монголын Засгийн газрын Ажлын хэсэг Улаанбаатарт ирээд буй  “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй нүүр тулсан хэлэлцээг хийх эсэх нь тодорхой бус байгаа энэ өдрүүдэд Оюутолгойн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч компаниуд үл ойлголцлоо шийдэн, тохиролцоонд хүрээд байна.

“Туркойз Хилл Ресурс”,   “Рио Тинто” компаниуд  “Оюутолгой” төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчлэн, гэрээ байгуулжээ.

Сануулахад, “Туркойз Хилл Ресурс” компани  “Рио Тинто”-той 2020 оны есдүгээр сарын 9-ний  өдөр Оюутолгойн Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байв.

Тэгвэл талууд Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг энэ удаа гэрээнд тусган, тохиролцжээ.

Гэхдээ тэдний тохиролцоог “Оюу Толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газар баталгаажуулах ёстой.

“Туркойз Хилл Ресурс”,  “Рио Тинто”-гийн тохиролцсон асуудлуудаас тодотговол: 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах, Төслийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахыг эрмэлзэх, олон улсын санхүүгийн байгууллагуудаас одоо байгаа нөхцөлөөр 500 сая ам.доллар хүртэлх хэмжээний санхүүжилтийг босгох, Шаардлагатай тохиолдолд “Рио Тинто” 750 сая ам.долларын хамтарсан зээл олгох, Санхүүжилт дутсан тохиолдолд “Туркойз Хилл Ресурс” 500 сая ам.долларыг хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.

Засгийн газартай хэлэлцээ хийх Ажлын хэсгийг ахалж буй "Рио Тинто"-гийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд энэхүү гэрээг тодотгохдоо “Туркойз Хилл Ресурстэй байгуулсан энэхүү зохицуулалтын гэрээ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болж, ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үйл явдал юм” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top