Л.Саруултөгс: "Кики, Жакс хоёр" ном хүүхдийг эмх цэгцтэй ХУВЬ ХҮН болоход тусална

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Зохиолч Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” хэмээх бестселлер номыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Харин энэхүү номын үргэлжлэл “Кики Жакс хоёр” ном нь түүний хүүхдэд зориулсан хувилбар юм. Энэхүү зурагт номыг “Монсудар” хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцаас эрхлэн гаргасан юм. Хүүхдээ багаас нь эмх цэгцтэй болгохыг хүсвэл “Кики, Жакс хоёр” номтой танилцуулаарай. Энэхүү ном нь хүүхдэд тань төдийгүй танд эмх цэгцтэй, ая тухтай амьдрахад том тус хүргэнэ. Уншигч танд “Кики, Жакс” хоёр номыг монгол уншигчдадаа орчуулан хүргэж буй Л.Саруултөгстэй ярилцсанаа хүргэе.


Үүний өмнө “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондо бидэнд юуг ойлгуулахаар зорьсон талаар товч өгүүлэхэд, тэрбээр эмх цэгцийн тухай ойлголтыг дэлхий дахинд таниулахаар ажилладаг аж. Хүүхэдтэй болсныхоо дараа тэрбээр эмх цэгцийн ойлголтыг хүүхдүүдэд зориулан хүргэхээр шийджээ. Энэхүү номд Кики, Жакс хэмээх хоёр найзын тухай өгүүлнэ. Кики эд юмс хурааж цуглуулах дуртай бол Жакс эмхэлж цэгцлэх дуртай. Гэтэл нэг л өдөр Кикигийн гэр зайгүй, тоглоомоо хайгаад ч олохооргүй болчихжээ. Ингээд түүнд Жакс найз нь тусална. Кикигийн гэрээс маш олон, бүр гайхмаар олон зүйл гарна...Жакс Кикид хэрхэн тусалсан бол? Хамтдаа тэдний түүхийг амтархан уншаад эмхэлж цэгцлэхэд суралцаарай.

-Ном орчуулаад хэдэн жил болж байгаа вэ. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаад яриагаа эхэлье хоёулаа...

-Намайг Л.Саруултөгс гэдэг. Японы Чиба их сургуулийг Японы Засгийн газрын тэтгэлэгт оюутнаар суралцаж төгссөн. Монгол дахь Япон улсын Элчин сайдын яаманд 10 жил ажилласан. Дараа нь бие даагаад хувийн хэвшилд ажиллаж эхэлсэн үеэсээ чөлөөт цагаараа ном орчуулж эхэлсэн дээ. Эдүгээ дэлхийн бестселлер Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг 2016 онд монгол хэл рүү орчуулж байсан минь миний анхны орчуулгын бүтээл болно. Дэлхий дахинд энэ ном маш том давалгааг үүсгэж, олон сая хүн эмх цэгцийн тусламжтайгаар өөрийн амьдралаа өөрчилж чадсан. Монгол уншигчид маань ч их сайхан хүлээж авсан. Энэ номыг уншаад, ойлгоод дуусах биш уншигчид амьдралдаа хэрэгжүүлж байсан нь гайхалтай. Энэ номын гол онцлог энэ л дээ. Дэлхий дахинд хамгийн их уншигдсан гэхээсээ илүү хамгийн их хэрэглэгдсэн ном гэж хэлж болмоор санагддаг.  Энэ номын үргэлжлэл болсон “Кики, Жакс хоёр” ном бол Мари Кондо зохиолчийн хүүхдэд зориулсан анхны ном. Тэрбээр анхны номоо бичиж гаргаснаасаа хойш гэр бүл зохиож, хүүхэдтэй болсныхоо дараа гаргасан ном юм. Номын алдарт зураач Салина Юун номын зургийг зурсан. Ээжүүдийн хувьд хүүхдүүдийнхээ тоглоом, хичээлийн хэрэгсэл, хувцасыг яаж цэгцтэй байлгах вэ гэдэг мөнхийн асуултын тэмдэгтэй сэдэв байх. Зохиогч өөрийнхөө туршлага дээр үндэслэн хүүхдийг эмх цэгцтэй байх сонирхлыг нь төрүүлэхүйц номыг ийн бичиж гаргасан.

Томчууд бид хүүхдээ өрөөгөө янзал, юмаа цэгцэл гэдэг. Гэтэл хүүхэд яаж хэрхэн цэгцлэхийг мэддэггүй. Дутуу хагас цэгцэлнэ, тэгэхээр нь нэмээд загнаж ч магадгүй. Ингээд энэ ажил хүүхдэд яршиг төвөгтэй санагдаж эхэлнэ. Гол нь хүүхдэд эд хогшилоо цэгцэлж, хайрлаж гамнах сэдэл төрүүлэх нь чухал. Мэдээж тэгэхийн тулд ээж аав нар өөрсдөө үлгэрлэнэ мөн хүүхдэдээ итгэж өөрөөр нь өөрийнх нь эзэмшлийн эд хогшил, тоглоом, хувцас хунарыг эмхлүүлж үзэх хэрэгтэй. Эхний удаад хүүхэд мэдээж сайн чадахгүй. Тэглээ гээд урдуур нь орж хийгээд байж болохгүй. Хамт сууж байгаад ярилцаад, хувцас, тоглоомоо ялган, хаяхыг нь хаяж, дүүдээ өгөхийг нь өгч, эвхэж хураахыг нь хурааж хөгжилтэй маягаар хийж болно. Хүүхдийн өөрийнх нь чадах хэмжээгээр хийлгэх маягаар энэ ажилд дуртай болгох нь чухал. Хүүхдийг бага гэж гололгүй өөрөөр нь хийлгээрэй. Тэд их сайн эмхэлж, тоглоомоо ялгаж ангилж чаддаг.

Энэ дадал зуршил хүүхдийг эмх цэгцтэй, нямбай, өөрөө өөртөө эзэн болсон, юмны үнэ цэнийг мэдэрдэг, хийж буй зүйлдээ тууштай, хувийн зохион байгуулалттай хувь хүн болж төлөвшихөд нь тусална гэж боддог. Хүүхэдтэйгээ анхлан энэ талаар ярилцаж эхлэх үед “Кики, Жакс хоёр” ном та бүхэнд тусална гэдэгт итгэлтэй байна.

-“Кики, Жакс хоёр” номыг хаанаас авч болох вэ?

-“Интерном” дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж эхэлсэн байгаа. Хөл хорионы үед www.internom.mn хаягаар онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлээд авах боломжтой.

-Таны хоёр дахь орчуулгын бүтээл “Шик хатагтайн зөвлөгөө” их эрэлттэй байсан. Энэ номынхоо талаар?

-Зохиолч Женнифер Скоттын “Шик хатагтайн зөвлөгөө” ном бол Франц дахь минимал амьдралын хэв маягийг харуулсан бүтээл юм. Минимал, цомхон байна гэдэг нь юухан хээхнээр болгоод явах тухай биш цөөн тооны чанартай эд зүйлсээр хүрээлүүлэн, сэтгэл хангалуун амьдрах тухай өгүүлсэн ном. Францын жинхэнэ сонгодог Мадам буюу хатагтай юу өмсөж, юу идэж, юу хэрэглэдэг тухай гарна. Мэдээж бүгд цөөн тоотой бөгөөд чанартай байна. Материаллаг зүйлд суурилаагүй амьдралын үнэ цэнийг энэ номноос харж болно.

-Орчуулгын номнуудынхаа зохиогчийн эрхийг нь хэрхэн авдаг вэ. Япон хэл дээр гарснаас нь орчуулдаг уу?

-Зохиогчийн эрхийг ихэвчлэн хувь хүнд олгодоггүй. Хэвлэлийн компанид өгдөг. Эхний хоёр орчуулгын номоо би япон хэлнээс хөрвүүлсэн. Энэ онд Мари Кондогийн хоёр бүтээлийг орчуулан гаргахаар төлөвлөсөн ба үүний нэг нь "Кики, Жакс хоёр" юм. Дараагийн ном бол JOY AT WORK буюу ажлын байрны эмх цэгцийн талаар өгүүлэх маш сонирхолтой бөгөөд хэрэгтэй ном байгаа. Энэ ном маань удахгүй ирэх сард гарах төлөвлөгөөтэй байна. Сүүлийн хоёр номны тухайд Мари Кондо зохиолчийн үйл ажиллагаа эдүгээ дэлхийн хэмжээнд хүрч өргөжин, тэрбээр АНУ-д ажиллаж, амьдарч байгаа ба сүүлийн бүтээлүүдийн эх хувилбар нь англи хэл дээр гарч байгаа. Тиймээс англи эх хувилбар дээр суурилсан орчуулгаар гаргана.

-Амьдралаа эмх цэгцэнд оруулахыг хүсэж байгаа том хүмүүс ч бас яаж, юунаас эхлэхээ мэддэггүй. Амьдралаа эмх цэгцэнд оруулахад яг юунаас эхлэх ёстой вэ?

-Ер нь хамгийн амархан юмнаас эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө биед ойрхон зүйлээс эхэлж амьдралаа өөрчлөх боломжтой гэсэн үг. КонМари цэгцлэх аргаар хувцас, ном, жижиг хэрэгсэл, бичиг баримт, дурсамжит зүйл гэсэн дарааллаар цэгцлэхийг зөвлөдөг. Гэрт байгаа бүх юмаа ийм таван төрөлд хуваана гэсэн үг. Гэрээ цэгцэлсэн хүн цаашлаад ажлын байраа цэгцлэхийг хүсдэг. Ажлын холбогдолтой бүх эд зүйлс болон биет бус дижитал материалаа цэгцлэх, ингэсний үндсэн дээр ажлаасаа баяр баяслыг мэдэрч амьдрах аргыг “Joy at Work” номноос мэдэж болно.

-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Ном орчуулах нь миний хобби. Ажлын бус цагаар оройдоо орчуулга хийдэг. Сая хөл хорионы үе таарсан болохоор хоёр ном орчуулж гаргаж амжсан. Цаашид зөвхөн энэ сэдвээрээ дагнахгүй хүмүүст хэрэгтэй гэсэн сэдвээр орчуулгын ном гаргана гэж боддог.

-“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” болон “Шик хатагтайн зөвөлөгөө” номнууд борлуулагдаж байгаа хэвээрээ юу?

-Тийм ээ, Интерномын бүх салбараар борлуулагдаж байгаа хэвээрээ.

-Орчуулгын ажлын талаар энэ ажлыг анхлан хийхийг хүсэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Миний хувьд зөвлөгөө өгөхөөр туршлагатай орчуулагч хараахан болоогүй гэж боддог (инээв). Японы ЭСЯ-нд ажиллаж байх хугацаандаа их зүйлийг сурч мэдэж, туршлага хуримтлуулсан. Голдуу албан орчуулга, ноот бичгийн орчуулга хийдэг байсан. Энэ нь бүтээл орчуулахаас өөр л дөө.

Номын орчуулгын хувьд зохиолчийн өгөх гэсэн санааг гуйвуулалгүй, эх хэлнээ уран яруу найруулгатай, баялаг үгийн сантай, утга төгөлдөр буулгах нь орчуулагч хүний ур чадварыг илтгэнэ. Гадаад хэлнээс ойлгох бол нэг хэрэг. Түүнийгээ орчуулж буй хэлэндээ хэр буулгаж байгаа нь орчуулагчийн чансааг тодорхойлно. Тиймээс хүүхэд залуус маань гадаад хэлийг суралцаж байгаа бол тэр тусмаа монгол хэлээ сайн анхаарч сурах хэрэгтэй. Монгол хэлээрээ зөв бичиж, ярих нь монголчууд бидний эх хэлээ хайрлаж, өөрсдийгөө хүндэтгэж буй хэрэг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top