ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар үйлдсэн хэрэг буурахгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас өнөөдөр /2021.04.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 5000 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  дээрэмдэх гэмт хэрэг 67.8 хувь, хулгайлах гэмт хэрэг 63.6 хувь, хувийн өмчит халдах, хулгайлах гэмт хэрэг 65.7 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 51.7 хувь, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11.2 хувиар буурчээ. Эсрэгээрээ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсчээ. Түүнчлэн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 гаруй хувиар өссөн байна.  

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосон эхний өдөр 198, дараагийн өдөр 161, гурав дахь өдөр нь 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Нийт 495 хүн архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэгдсэн. Хэдийгээр эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдлээ. Хөл хорио тогтоосон эхний гурван өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 429 дуудлага ирсэн. Эхний өдөр 107, хоёр дахь өдөр нь 140, гурав дахь өдөр нь 182 болж өссөн. 

Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд 10 гаруй цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагч нар ажиллаж байна. Явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. ЦЕГ-аас ажиллаж байгаа алба хаагчдаа цагийн хуваарийн дагуу, найман цагаар үүрэг гүйцэтгэх боломжоор ханган, хяналт тавьж ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Баттулга "Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байна. Иргэд ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, татгалзах, зөв хэрэглэх шаардлагатай байна. Хөл хорионы үед гэр бүлтэйгээ цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн залилах төрлийн гэмт хэрэг буурахгүй байна. Цахим орчны гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй байна. Энэ бол иргэн бүрт хамаатай. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийн гэрч болох аваас цагдаад дуудлага өгч байх хэрэгтэй байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 14

Гэр бүлийн харьцаа согтуурал дээр суурилсан бол энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй ээ гэж...

0  |  0
Top