Хөл хорьсон эхний 3 хоногт гэр бүлийн хүчирхийллийн 429 дуудлага иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгджээ. 

Тодруулбал, хөл хорио тогтоосон эхний гурван өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 429 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Эхний өдөр 107, хоёр дахь өдөр нь 140 дуудлага ирсэн бол гурав дахь өдөр нь 182 болж өссөн. 

Түүнчлэн эхний өдөр 198, дараагийн өдөр 161, гурав дахь өдөр нь 136 хүн буюу нийт 495 хүн архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэгдсэн байна. 

Монгол Улсын Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 5000 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  дээрэмдэх гэмт хэрэг 67.8 хувь, хулгайлах гэмт хэрэг 63.6 хувь, хувийн өмчит халдах, хулгайлах гэмт хэрэг 65.7 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 51.7 хувь, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11.2 хувиар буурчээ. Эсрэгээрээ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсчээ. Түүнчлэн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 гаруй хувиар өссөн байна.  

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс "Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байна. Иргэд ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, татгалзах, зөв хэрэглэх шаардлагатай байна. Хөл хорионы үед гэр бүлтэйгээ цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн залилах төрлийн гэмт хэрэг буурахгүй байна. Цахим орчны гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй байна. Энэ бол иргэн бүрт хамаатай. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийн гэрч болох аваас цагдаад дуудлага өгч байх хэрэгтэй байна" гэдгийг анхааруулав. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 14

Гэр бүл хүний насан туршдаа амьдрах таатай орчин байх ёстой. Хэрэв тэнд хүчирхийлэл байгаа бол гэр бүл биш хүмүүсийн бөөгнөрөл юм байна.

0  |  0
ааа(103.212.118.29) 2021 оны 04 сарын 13

ямар юмны чинь гэр бүлийн хүчирхийлэл байхав дээ. гарч тэнэх гээд бга том толгойтой хүүхдээ, хөнгөн явдалтай эхнэр хоёроо нэг загнаа л биз.

0  |  0
Top