Д.Бат-Эрдэнэ: Сонгогчийн жагсаалтад 2,159,000 сонгогч бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.


-Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажил хэр явж байгаа вэ. Хуулиараа нэр дэвшигчид хэд хоногийн өмнө бүртгүүлж, сурталчилгааг хэд хоногт хийх ёстой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу үргэлжилж, бэлтгэл хангагдаж байна. Сонгууль зохион байгуулалтын онцлог бол хуулиар нарийвчлан тогтоосон цаг хугацаанд хийгддэг процесс ажиллагаа тул хуульд заасан  үйл ажиллагааг цаг хугацааны хуваарьт оруулан төлөвлөж, энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим ажлыг цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 2-ны өдрийг дуусталх гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан нэр дэвшигчийн талаарх холбогдох баримт бичгийг хүлээн авч бүртгэх эсэх асуудлыг Хуралдаанаараа хэлэлцээд 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж, нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.

-Автоматжуулсан системийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ. Ажиллах хүч, хүнээ бэлтгэсэн үү?

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор ээлжит сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх тухай шийдвэр гарсан. Сонгуулийн ерөнхий хороо болон Хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвөөс санал тоолох төхөөрөмжийг сонгуульд бэлтгэх ажил хууль тогтоомж, цаг хугацааны хуваарийн дагуу хэвийн үргэлжилж, төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг хэсгийн хороонд хариуцан ажиллах мэдээллийн технологийн баг, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавигддаг. Дээр дурдсаны дагуу цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын бүртгэл болон сургалтын үйл ажиллагааг бид цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

-Иргэдийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон байгаа байх. Энэ удаагийн сонгуульд хэдэн сонгогч саналаа өгөх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг сонгууль дуусталх хугацаанд зогсоодог. Энэ хугацаа нь дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хэрэгжиж эхлээд байна. Ер нь иргэний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байдаг нь ямар учиртай вэ гэхээр сонгууль явуулах гол баримт бичгийн нэг нь сонгогчдын нэрийн жагсаалт байдаг, энэ жагсаалтыг   давхардалгүй зөрчилгүй үйлдэх ёстой. Иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хөдөлбөргүй, давхардалгүй хийх нэг боломж бүрддэг юм. Энэ үйл ажиллагааг хуульд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн мэдээллээр нийт 2,159,000 гаруй сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон нэг гол онцлог өөрчлөлт бол сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг нягтлан шалгах боломжтой байдаг байсныг энэ удаад өөрийнхөө болон байнга оршин суугаа хаягтаа бүртгэлтэй байгаа нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцаж, нягтлан шалгах боломжтой болгосон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байршуулсан бөгөөд www.burtgel.gov.mn цахим хуудаст хандаж мэдээллээ шалгах боломжтой.

-Гадаадад байгаа монголчууд маань хэрхэн саналаа өгөх вэ. Бүртгэлийг яаж хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог бол гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд саналаа өгөх боломжтой байдаг. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээсээ санал авах ажлыг Төв комисс зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 05 дугаар тогтоолоор гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээс  санал авах ажлыг 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж, амьдарч байгаа улсдаа байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт утас, и-мэйл хаяг, шуудан, факсаар мөн биечлэн очиж “би энд саналаа өгнө” гэдгээ илэрхийлж бүртгүүлэх хэрэгтэй юм.

-Сум, дүүргийн Сонгуулийн хороодыг байгуулж дууссан уу?

-Энэ сарын 10-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулах хуулийн хугацаатай. Энэ дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод байгуулагдсан байгаа. Ер нь бүх шатны сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчтай холбоотойгоор нэг онцлог зохицуулалт орсон нь нээлттэй бүртгэлийн тогтолцоо юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах бүртгэл төрийн албан хаагчдад нээлттэй байна. Сургалтад бүртгүүлсний дараа сорилын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд ажиллах нээлттэй бүртгэлд бүртгүүлнэ. Ингээд энэ нээлттэй бүртгэлд бүртгэгдсэн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан ерөнхий болон тусгай шаардлага хангасан төрийн албан хаагчид бүх шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд томилогдон ажиллах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганболд(202.9.46.226) 2021 оны 04 сарын 16

сонгуулиа цуцалсан дээргүй юу. тэр үе ирэхэд халдварын тархалт хүндрэх эрсдэлийг тооцож зохицуулж болохгүй юу. сонгууль цуцалвал тодотхой тооны хүмүүс гэр орондоо тогтвортой байх юм биш үү.

0  |  0
Top