Өглөө таны утсанд Apple компаниас МЭДЭГДЭЛ очих болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18


Өглөө 07:00 цагт та бүхэнд Notification ирнэ. Apple, Google компаниудын хамтран хөгжүүлсэн технологийг авч, Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлэлт хийсэн "Ковид 19 - Эрсдэл" систем ашиглалтад ороход бэлэн боллоо.

Энэ систем нь хавьтлыг найдвартай тодорхойлж чаддаг бөгөөд үүнээс илүү төгс шийдэл дэлхийд хараахан гараагүй байна.

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүлээд байгаа юм.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгоно. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn сайтаас найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.
 

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

ДАВУУ ТАЛ
 

1. Иргэдийн хувийн болон байршлын мэдээлэл авахгүй, хадгалахгүй

2. Хэрэглэхэд төвөггүй

3. Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой

4. Маш хурдан

5. Цаанаа ямар ч ДАТА цуглуулахгүй

6. Цагдаа, эмнэлэг оролцохгүй

7. Иргэний үүргээ биелүүлж ганцхан Bluetooth-ээ л асаасан байхад болно.
 


АЖИЛЛАХ ЗАРЧИМ
 

1. Bluetooth асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биедээ 2 метр ойртоход нэгнийгээ бүртгэж, нууцлал бүхий код солилцдог.

2. Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай Notification очдог.

3. Notification авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.

Өөрөөр хэлбэл иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм.


COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?
 

  • Систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
     
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй.
     
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
     
  • Дата унахгүй
     
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top