Д.Ганзориг: Зэвсэгт хүчнийг УЛС ТӨРӨӨС АНГИД байлгамаар байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр /2021.04.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг "Миний бие өнөөдөр та бүхэнд Монгол Улсад өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдалтай уялдуулаад Зэвсэгт хүчний байгууллагын байр суурь ямар байгааг товчхон танилцуулъя. Юуны өмнө зэвсэгт хүчин гэдэг айл өдгөө зуун жилийн түүхээ бичиж дуусгаад, дараагийн зуун жилийн түүхээ бүтээж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улс орны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн билээ. 

Гэтэл сүүлийн үед гарч буй мэдээллээс үүдээд Монголын нийт ард түмнийг талцуулах асуудал үүсэж байна. Тиймээс бид хаа хаанаа болгоомжилж, улсынхаа аюулгүй байдлыг хангамаар байна. Мэдээллийн дайнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, өөрийн эрх ашгийг хангахаар мэдээллийг гуйвуулж болдгийг харж болно. Зэвсэгт хүчний салбар улс төрөөс ангид байх шаардлагатай.

Зэвсэгт хүчний тухай хуульд, Зэвсэгт хүчнийхэн улс төр, болон шашны үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг. Мөн цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд, цэргийн алба хаагчдын ёс зүйн зарчмын тухайд улс төрийн үйл ажиллагаанаас ангид байхыг тусгасан. Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх улс орны аюулгүй байдлыг хангах эрхзүйн зохицуулалттай байдаг гэдгийг би дээр дурдлаа.

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төрийн үйл ажиллагаатай холих нь хууль зөрчиж байгаа хэрэг бөгөөд улсын батлан хамгаалах ажлыг алдагдуулах, төр засаг зэвсэгт хүчинд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах цаашлаад гаднын улс орнуудын өгөөш болох байдлыг бүрдүүлээд байна. Зэвсэгт хүчнээ улс төрийн үйл ажиллагаанд татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөсөн гашуун сургамж олон байдаг. Энэхүү гашуун түүхийг манай улс давтаж болохгүй" гэлээ. 

Мөн тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр (2021.04.19) Төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн нь үнэн. Ерөнхийлөгч Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн. Мөн Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан" гэдгийг мэдээлэв. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ(202.9.46.146) 2021 оны 04 сарын 20

” АЙВАЛ БҮҮ ХИЙ ХИЙВЭЛ БҮҮ АЙ ХИЙСЭН БОЛ БҮҮ ХАРАМС . ” ЧИНГИС ХААН

0  |  1
Top