Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр (2021.04.20) Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг дэлгэрэнгүй хүргэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Миний бие өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улс төржүүлж байгаатай холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн юм. Үүний өмнө Зэвсэгт хүчин хэмээх их айлын талаар товч мэдээлэл хүргэе.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаас хойших өдгөө 100 жилийнхээ түүхт ойгоо тэмдэглээд, дараагийн 100 жилийнхээ түүхийг бичээд явж байгаа их айл. Өнгөрсөн түүхэн хугацаанд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ард олныг бичиг үсэгт сургах, ард түмний эрүүлийг хамгаалах, улс орондоо орчин үеийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, анагаах ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэл, улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж, цаг ямагт манлайлсаар ирсэн.
Монгол Улс 1990-ээд оноос ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, шинэ Ардчилсан Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулснаар Зэвсэгт хүчин нь иргэний хяналтад байх, ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “Мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.
Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудал болох Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэл, бүтэц, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх арга хэмжээг үе үеийн төр, засгийн удирдлага, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд авч хэрэгжүүлж ирсэн.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН, ХООРОНДОО ЁС ЗҮЙГҮЙ ХАРИЛЦСАН АСУУДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХОД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Бид сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд өрнөсөн цэргийн алба хаагчийн амь насыг хохироосон мөн цэргийн алба хаагчид хоорондоо ёс зүйгүй харилцсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн үндсэн шалтгааныг нь тодруулж, түүнийг бүрэн таслан зогсоохын тулд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, төрийн хууль тогтоомж, цэргийн дүрмүүдийн хэм хэмжээг чанд сахиулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Өнөөгийн тайван цагт Зэвсэгт хүчин оршин байхын учир нь Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчныг хангах, болзошгүй халдлага, түрэмгийллийг тогтоон барих, орчин цагийн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнд шаардагдах бүхэнд цэргийн алба хаагчдаа сургаж бэлтгэх, байлдааны байнгын бэлэн байдлыг хангах явдал юм.
Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн жишигт нийцүүлэн улам бүр боловсронгуй болгон хөгжүүлж байна.
2020 оны Улсын Их Хурлаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, Барилга-инженерийн цэргээс бүрдсэн нь эх орныхоо агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллийн эсрэг зэвсэгт тэмцэл явуулах бэлтгэлээ амжилттай хангахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгааг та бүхэн мэднэ.
Монгол цэргийн боловсрол, дадлага, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа өнөөдөр олон улсын түвшинд хүрч, “Монгол цэрэг бол Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэж чадсан. Яг энэ цаг мөчид гэхэд дэлхийн халуун цэгүүдэд манай Зэвсэгт хүчний 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Зэвсэгт хүчин улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай хамтран мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцон монгол хүн, монголчууд бие даан томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж чаддаг гэдгийг ард түмэндээ барилгачин дайчид маань харуулж чадлаа.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 225 АЛБА ХААГЧ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ДАЙЧЛАГДАЖ БАЙНА
Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хатуу хучилттай авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөл, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр төмөр замын доод бүтцийн ажлыг богино хугацаанд хийж, одоогийн байдлаар сүүлийн шатандаа буюу дээд бүтцийн ажлыг дуусгах шатандаа явж байна.
Дэлхийн улс орнуудыг хамарсан “Ковид-19” цар тахлаас манай улс ангид байж чадаагүй. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 225 цэргийн албан хаагч хөдөө орон нутагт цар тахалтай тэмцэх тэмцэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран оролцож байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн “Ковид-19” вирусээр өвчилсөн иргэдийг эмчилж, ард иргэддээ үйлчилж байна.
НИЙГЭМ, ЦАГ ҮЕИЙН АСУУДАЛ АРД ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА
Та бүхнийг цуглуулж мэдэгдэл хийх үндсэн асуудалдаа орьё.
Энэхүү мэдэгдлийг хүргэхээс өмнө та бүхэнд бодит нөхцөл байдлыг бүрэн хэмжээгээр харж, дүгнэлт гаргаж, олон нийтэд түгээх нь хамгийн чухал байна гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.
Та бүхэнд мэдэгдлийг хүргэхээс өмнө нэгэн зураг үзүүлье. Энэ зураг үзүүлэх шалтгаан нь өнөөгийн нөхцөл байдал хэсэгчилсэн байдлаараа хууль тогтоомж болон Монгол Улсад өрнөж байгаа улс төр, нийгмийн асуудлыг дүрслэн харуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаана бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэж хэлмээр байна.
Энэ зургаас бас мэдээллийн дайн мэдээллийг ямар хэмжээнд хүргэж, өөрийн эрх ашигт нийцүүлэн яаж гуйвуулж болохыг та харж болно. Цэргийн алба хаагч байлдааны талбарт тухайн орон нутгийн иргэнд тусалж байгаа мэт боловч нөгөө талаас нь буу тулгаснаар харагдаж байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, хамтарч ажиллана гэдэгт ЗХЖШ-ын даргын хувиас итгэж байна.
Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ш.Жадамбаа генералыг үгийг онцлон дурдая. “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг юм. Чухам үүнийгээ л барьж, цагийн аяст дайвж гуйвахгүй, улс орон ард түмэн армийнхаа эрх ашгийг л урьтал болгож бай” гэж хэлсэн түүний хойч үедээ үлдээсэн гэрээслэл домогт генералын тухай номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Энэ үг бидэнд өнөөдөр том сургамж болон илэрхийлэгдэж байна. Нэн ялангуяа өнөө үед бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд энэ үгийг байнга санаж явах ёстой.
Ш.Жадамба генералын “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн илэрхийлсэн нь эх орондоо тангараг өргөсөн, төр нийгмийн зүтгэлтний хойч үедээ захиж үлдээсэн гэрээслэл гэж ойлгож болно.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЖ, ХЯМРАЛДАА ТАТАН ОРУУЛСНААР ИРГЭНИЙ ДАЙНД ХҮРСЭН ГАШУУН ТУРШЛАГА ОЛОН ОРОНД БИЙ
Зэвсэгт хүчин нь аливаа улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалттай. Зэвсэгт хүчний тухай хуулийн 17.1, 17.2-т Зэвсэгт хүчинд улс төрийн нам, улс төрийн зорилготой олон нийтийн, шашны байгууллага байгуулах, цэргийн алба хаагч болон хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж буй иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглосон байдаг. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын дөрвөн зарчмын нэг нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид байхыг тусгасан байдаг.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож олон нийтэд сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, Зэвсэгт хүчиндээ итгэх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдах, гаднын улсуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлдэг гэдгийг байнга санах нь зүйтэй.
Энэ зарчим зөрчигдөж, Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд олонтаа тохиолдож байсан. Энэхүү гашуун түүх манай сайхан оронд битгий тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын зүгээс хандаж хэлмээр байна.
Миний бие ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдох асуудлыг 2019 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан. Тухайн хэлэлцэх асуудлын үед УИХ-ын гишүүд ч улс төрөөс ангид байхыг онцгойлон хэлж, ялангуяа, тухайн үед байгуулагдаад, үйл ажиллагаа нь идэвхжиж байсан “Үндэсний фронт” хөдөлгөөнд бэлтгэл цэргийн алба хаагчид олноор хамрагдаж байгааг буруутгаж, ийм байдлаас ангид байхыг захиж байсан.
Түүнчлэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол мэдээж сайшаалтай. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн дээд байгууллагаас шийдвэрлэх хүсэл, эрмэлзлэлтэй байна гэж харж байна.
Ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг цэргийнхэн бид хүндэтгэж явдаг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж, улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гаргасан гэж үзэж байна. Тухайн үед улс төрийн тоглолт хийж, улс орны батлан хамгаалах чадавхтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууц задлах нөхцөлийг бүрдүүлсэн.
Зэвсэгт хүчинд жижиг асуудал гэж байдаггүй. Нийгмийн олон талт харилцаа, сайн муу тусгал цэргийн албыг тойроогүй. Улс төржүүлж болохгүй асуудал гэж бий, зөрчигдвөл том төлөөсийг улс үндсээрээ төлдөг гашуун сургамжийг мартаж болохгүй.
Эрхэм улс төрчид маань Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдвэрлэж байх нь улс үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэдгийг ажил хариуцаж байгаагийн хувьд илэрхийлье.
Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй, эх орон, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байна. Хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэрийг Зэвсэгт хүчин хүндлэн биелүүлнэ.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗХЖШ-Д ХҮРЭЛЦЭН ИРСЭН НЬ ҮНЭН
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өчигдөр (2021.04.19) Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн. Бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнийг онцгойлон хэлж байгаа нь сэтгүүлчид та бүхнийг болж байгаа үйл явдлыг гуйвуулахгүйгээр олон нийтэд хүргээсэй хэмээсэндээ дурдаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлд нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах асуудлаар ярьсан. Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр “Ковид-19”-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах тухай санал солилцсон. Гуравдугаарт, Монгол Цэргийн Нэгдсэн холбоотой үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.
Өчигдөр Монгол Ардын Намын зүгээс хийсэн мэдэгдлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан асуудлыг улс төрийн өнцгөөс холбон ярьж байгааг нь ЗХЖШ-ын зүгээс албан ёсоор няцааж байгааг үүгээр мэдэгдье.
Сэтгэгдэл ( 9 )
Сошиалаар Жeнког өмөөрөөд цөс нь хөөрөөд байгаа дүр эсгэсэн эх орончдоо энэ хүний ухуулганд автаж үймээн самуун дэгдээвэл ард иргэд л хохирно шүү. Нэгч эрх мэдэлтэн тэр тусмаа Жeнкогийн хамраас ч цус гарахгүй шүү. Тэд холоос хараад бичлэг хийгээд л зогсож байх болно. Үймээнийг ямарч байсан зогсоож л таарна. Үүнд энгийн иргэд л хохирно. Дараа нь буруутан хайж байдал эвгүйцмэгц Жeнко зугатаад Сингапурд очоод хэвтчихнэ. Яг нөгөө 17 чингэлэг спиртнээс бултдаг шигээ. Бид энд буруутныг хайж биeбиeнээ химлэлцээд л үлдэнэ
Яагаад цочирдоод унав. Та нарын уулзалтыг иргэд өөрсдийнхөөр харж дүгнэж байгаа шүү.
даварцан муу ал женкогийн хошного
Ганзориг ч их зоригтой дуугардаг болжээ. Ар нь түүз болжээ дээ. Харин цэргээ зоддог, дэглэдэг, алдаг явдал армид хэзээ байхгүй болох вэ. Даргаа.
САЯХАН Л ЦЭРЭГ ЗОДУУЛААД НАС БАРАХАД ГӨЛӨГ ШИГ БН АЖЛАА ӨГӨӨГҮЙ ЮМ УУ
Эх орны цэрэг эр.
Өдөр бүр гарч байгаа алдаа завхралууд бүгд МАН ын санаатай хийсэн үйлджл шүү коммунистууд аа. Хуулийн нэр томъёо хэлж мэлзэх хэрэггүй.
Жинхэнэ монгол цэргийн даргын мэдэгдэл байна
Myy l bol khoid khar ovoo gej.Bygedeeree erunkhiilugchlyy dairaad bna daa.Zygeer yneniig kheleed ajillaa khiigeed ekh oron ard tymeniikhee khoichiig sain saikhan bailgakh gesen khyn adgiin myy khyn bolood bna yy.Yrvagch khylgaich olgiarkhyyd ami tavij bna.MAN kheterkhii ikh dotoroo khyviin olon mapyydtai bolson uchir taraakh ni mash zuv.