Хийн хоолойн төслийн Техник, эдийн засгийн дүн шинжилгээг баталжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн цогц үндэслэлийн хүрээнд боловсруулсан “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник-эдийн засгийн дүн шинжилгээг “Газпром” НХН баталсан байна. “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой нь ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд ОХУ-ын “Сибирийн хүч- 2” байгалийн хий дамжуулах хоолойн үргэлжлэл байх юм.

Техник-эдийн засгийн дүн шинжилгээний хүрээнд байгалийн хийн хоолой барих төслийн тех­ник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ.

Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн оновчтой маршрут, түүний урт, байгалийн хий дамжуулах хоолойн голч, ашиглалтын даралт, компрессорын стан­цуудын тоог тогтоосон байна. Төслийн урьдчилсан тооцооллын үзүүлэлтүүд нь төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг урьдчилан таамаглах бололцоог олгодогоороо онцлог­той. Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нар ОХУ-ын Газпром НХН-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөг баталсны дагуу ийнхүү төслийн үйл явц эрчимтэй явж байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих “Союз Восток” байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл энэ оны эцсээр бэлэн болно. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Газопровод Союз Восток” тусгай зориулалтын компани боловсруулж байгаа юм байна. Тус төсөл хэрэгжсэнээр Баруун Сибирийн байгалийн хийг зүүн Сибирьт нийлүүлэх болон Азийн зах зээлд их хэмжээгээр экспортлох боломжийг бий болгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top