МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн таалал төгсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21


Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч асан, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч асан, эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Д.Загдсүрэн өвчний улмаас таалал төгсөж, Монголын спортын салбарт хүнд гарз тохиолоо.

Д.Загдсүрэн нь 1958 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Спортын эмч мэргэжилтэй.

Тэрээр 1978 онд Анагаах ухааны дунд сургууль, 1990 онд АУИС, 1994 онд Словак улсын Братислав хотын Анагаах ухааны дээд курс тус тус төгссөн. 

1980-1984 онд Эмнэлэг, биеийн тамирын диспансерт бага эмч, лаборант, 1990-1992 онд Эмнэлэг, биеийн тамирын диспансерт чөлөөт бөхийн багийн эмч, 1992-1994 онд Спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний төвийн дарга, 1994-1997 онд БТСҮТ-ийн дэд дарга, 1999-2001 онд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, 2001-2019 оноос МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгч байсан юм. 

Д.Загдсүрэн нь Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульт алба хашиж байсан бөгөөд спорт, олимпизмын үйл хэргийг хөгжүүлэх, спортын бүтээн байгуулалтыг дэмжих, Үндэсний олимпийн хороодын дүрэм, судалгаа, эрдмийн бүтээл туурвих зэрэг үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын спортын нэрт зүтгэлтэн байлаа. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Top