ЭМГЭНЭЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Дэмчигжавын ЗАГДСҮРЭН

(1958-2021)

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, анагаах ухааны доктор /PhD/, спортын эмч Дэмчигжавын Загдсүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 21-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын биеийн тамир, спортын салбар, Олимпын хөдөлгөөн, спортын анагаах ухааны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Загдсүрэн нь Завхан аймгийн Нөмрөг суманд 1958 онд төрсөн. 1978 онд АУДуС, 1990 онд Анагаах ухааны их сургууль төгсөн, Хүүхдийн халдвартын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, улмаар Эмнэлэг, биеийн тамирын диспансерт эмч, Спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний төвийн дарга, БТСҮТ-ийн дэд дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч даргаар ажиллаж, 1995 онд Словак улсад анагаах ухааны дээд курс, 1996 онд БНХАУ-ын Бээжин хотод олон улсын допингийн шинжилгээний курс, 2003 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Спортын удирдлагын курсийг тус тус дүүргэсэн спортын анагаах ухааны мэргэшсэн эмч нарын нэг байсан юм.

Тэрээр 1999 оноос Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч, 2001-2020 он хүртэл Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа Монгол Улсад олимпын хөдөлгөөн, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм. Мөн “Барселон-1992” олимпын наадамд багийн эмчээр, “Сидней-2000” олимпод Монголын багийн ахлагч, “Афин-2004”, “Турин-2006”, “Бээжин-2008”, “Ванкувер-2010”, “Лондон-2012”, “Сочи-2014”, “Рио-2016” олимпын наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байв.

Түүнчлэн 1996-2005 онд Спортын эмнэлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997-2001 онд Зүүн Азийн наадмын холбооны эмнэлгийн комиссын гишүүн, 2001-2012 онд Монголын үндэсний олимпын академийн Ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын бодлогын зөвлөх, 2002-2008 онд Азийн Олимпын зөвлөлийн эмнэлгийн комиссын гишүүн, 2015-2021 онд Азийн Олимпын зөвлөлийн Мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, 2015 оноос ҮОХХ-ны Шинэчлэл ба хэрэгжилтийг хянах комиссын гишүүн, 2012-2020 онд Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байлаа.

МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Спортын төв ордонд түрээсийн өрөөнд ажиллаж байсан МҮОХ-г өөрийн байртай болгох зорилт тавьж, эрдэм шинжилгээний лаборатори, номын сан, сургалтын танхим, интернет төв, олимпын музей бүхий “Olympic house”-ийг 2002 онд ашиглалтад оруулж, Булган аймгийн Хангал суманд олон улсын жишигт нийцсэн Олимпын бэлтгэлийн төвийг бариулж, “Буянт-Ухаа” цогцолбор байгуулах санаачилга гарган, зураг төслийг боловсруулан БТСГ-т хүлээлгэн өгч, “Олимпын боловсрол сургалт сурталчилгаа” хөтөлбөр боловсруулан, Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдэд Олимп судлалын төв, ерөнхий боловсролын 700 гаруй сургуульд Олимп судлалын танхим, МҮОХ-ны дэргэд Спортын анагаах ухааны төв байгуулж, олимпын наадамд бэлтгэх “Спортын төрөлжсөн сургууль”, “Олимпын алтан медаль”, “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт-шинэ амжилт”, “Өвлийн спортыг дэмжих”, “Залуу тамирчдыг дэмжих” зэрэг олон хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, “Бөртэ Чоно” хөшөө дурсгалын цогцолбор, МҮОХ-ны дээд шагнал “Бөртэ Чоно” шагналыг бий болгон, 2002 оноос жил бүр спортын оны шилдгүүдийг шалгаруулан, “Бөртэ чоно” цом гардуулж, Үндэсний олимпын хорооныхоо үйл ажиллагааг тогтворжуулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллага болгосон түүхэн гавьяатан билээ.

Тэрээр спортын анагаах ухаан, Монгол дахь олимпизмын үйл хэргийн талаар “Спортын анагаах ухаан” /1996, 2008/, “Спортын анагаах ухааны судалгаа, анализ” /2021/, “Олимпын хөдөлгөөнд түрлэг нэмсэн он жилүүд” /2021/ зэрэг бүтээл туурвисан ном эрдмийн хүн байлаа.

Д.Загдсүрэнгийн спортын анагаах ухаан, олимпын хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Олимпын медальтнуудыг бэлтгэх их үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж, 2008 онд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасан билээ.

Олимпын хөдөлгөөний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтний хувьд түүнийг 2003 онд Азийн олимпын зөвлөл (OCA) нь өөрийн тэргүүн дээд шагнал “Merit order” одон,Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC) нь 2006 онд өөрийн дээд шагнал “ANOC Merit order” одонгоор тус тус энгэрийг нь мялаасан юм.

Монголын Спорт-Олимпизм, спортын анагаах ухааны нэрт зүтгэлтэн Д.Загдсүрэнгийн төлөв даруу, хүнлэг, нөхөрсөг, хөдөлмөрч зан чанар, хийж бүтээсэн гэгээн үйлс Монголын ард түмэн, биеийн тамир, спортын салбарын хамт олны зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top