Залуу ширэн бээлийтнүүд ДАШТ-д багаараа VI байрт шалгарлаа

2021 оны 04 сарын 22
Польш улсын Кельце хотноо 04 дүгээр сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэй 4, эмэгтэй 4 нийт 8 боксер рингэнд гарсанн билээ.
 
Эмэгтэйчүүдийн 51 кг жинд Алтанбекийн Хулан эхний даваандаа гоц мөргөн, Украйн, Казахстаны боксчдыг дараалан ялж, хүрэл медалийн болзол ханган, мөнгөн медалийн төлөөх тулаандаа ОХУ-ын Валерия Линьковадт оноогоор ялагдлаа.
 
Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Энхзоригтын Сүхбат Герман, Энэтхэг, Испани боксчдыг дараалан ялж, хүрэл медалийн болзол ханган, мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын тамирчин Евгений Жоровт оноогоор ялагдлаа.
 
Ийнхүү Монголын ширэн бээлэйтнүүд Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэн, Дэлхийн 52 орноос багаараа VI байрт шалгарсан амжилт гаргав. 
 
Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19" цар тахлын нөхцөлд баг тамирчдаа дэмжин, олон улсын тэмцээн, гадаад дотоодын хамтарсан бэлтгэлд хамрагдахад дэмжлэг үзүүлсэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр болон Гавьяат тамирчин Ц.Шаравжамц даргатай Биеийн тамир, спортын улсын хорооны хамт олонд баярлалаа.
 
Монголын боксын ирээдүй гэрэлтэй байна. Эдгээр тамирчдаас ирээдүйн тив, дэлхий, олимпийн аваргууд төрөн гарах нь гарцаагүй гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top