ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт 17 дахь удаагаа Холбооны хурал буюу парламентдаа хандаж үг хэлжээ. Энэ удаагийн илтгэлээ тэрбээр Москва хотын үзэсгэлэнгийн гол танхим болох “Манеж”-д тавьсан байна. Тэрбээр үг хэлэх үеэрээ барууны орнуудад хандаж, улаан шугам давахгүй байхыг анхааруулсан нь олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын анхаарлыг ихээхэн татаж байна.
Путин “Орос бүх улстай сайн харилцаатай байхыг хүсдэг. Бид улс орнуудын хооронд бий болсон олон улсын харицааны гүүрийг шатаахыг хүсэхгүй байна. Гэхдээ Оросын эсрэг ирж буй өдөөн хатгалгын хариу хурдан бөгөөд хатуу байх болно гэдгийг анхааруулж байна. Оростой харилцах харилцаандаа улаан шугам давахыг хэн ч хүсэхгүй байх хэмээн найдаж байна” гэжээ. Одоогоор зүүн Украин дахь мөргөлдөөн улам хурцдаж, ОХУ-ын цор ганц сөрөг хүчин гэгдэж буй Алексей Навальный хоригдож буйтай холбоотойгоор барууныхан болон Кремлийн харилцаа эрс хүйтрээд байгаа билээ.
Путиний Засгийн газрын, АНУ тэргүүтэй Европын орнуудтай харилцах харилцаа улам бүр хүндэрсээр байгаа тул Кремлиэс Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны 10 ажилтныг ОХУ-ын нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаарджээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайдын яамны өндөр албан тушаалтныг лхагва гарагт дуудаж, яамны 10 ажилтанг "Тавдугаар сарын 21-ний өдөр гэхэд манай улсын нутаг дэвсгэрийг орхин гарахыг тушаав" гэсэн бичиг гардуулсан байна. Үүнээс гадна Путинийг шүүмжлэгч Навальный хоёр долоо хоног гаруй хугацаанд өлсгөлөн зарласны дараа эмнэлэгт хүргэгдээд буй.
ОХУ-ын Засгийн газрын Хүний эрхийн комиссар Татьяна Москалковагийн хэлснээр эмч нар түүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүсээгүй гэж мэдэгдсэн аж. Харин Навальныйгийн эмч хорих ангийн эрүүл мэндийн албанаас өгсөн шинжилгээний хариунаас харахад Навальныйгийн калийн хэмжээ байгаа нь бөөрний дутагдалд орж болзошгүй, зүрх нь зогсох магадлалтай байгааг харуулж байна гэжээ. Гэхдээ Путин парламентдаа хэлсэн үгэндээ Навальныйг энэ оны эхээр баривчлагдсаны дараа боссон сөрөг хүчний хөдөлгөөний талаар бараг дурдаагүй байна. Тэрбээр Орос хамгийн сүүлийн үеийн зэвсгийн системүүдээ бэлэн байдалд байлгаж байгаа бөгөөд ойрын ирээдүйд үүнээс ч илүү дэвшилтэт пуужин, нисэх онгоцтой болох төлөвлөгөөтэй байгаагаа онцолжээ. 2024 он гэхэд ОХУ-ын зэвсэгт хүчинд орчин үеийн зэвсэг, техник хэрэгслийн эзлэх хувь бараг 76 хувьд хүрнэ гэдгийг Кремлийн тэргүүн онцолсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
buu huts