Казахстаны Алматы хотод энэ сарын 9-11-нд чөлөөт, сонгомол бөхийн олимпын эрхийн тэмцээн болж, үргэлжлүүлээд 13-18-нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцсон бөгөөд тамирчдын түрүүч эх орондоо иржээ.
Харамсалтай нь, манай зарим тамирчдын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга, тус тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон П.Буяндэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид Казахстан улсыг 43-уулаа зорин, хоёр ч том тэмцээнд ороод, 8 нь цааш тэмцээнээ үргэлжлүүлэхээр Алматыд үлдэж, бусад 35-уулаа эх орондоо ирээд 4 хонож байна. Алматыд байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан, ирэхээсээ 2 өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарч бүгдээрээ баяртайгаар онгоцондоо суугаад эх орондоо ирцгээсэн.
Харамсалтай нь, энд ирээд хэд хэдэн хүүхдийн шинжилгээ эерэг гарч, бидний сэтгэл тэднийхээ төлөө, мөн бусдынхаа төлөө зовнисоор өдөр өнгөрүүлж байна.
Том тэмцээн, тэр тусмаа 2 дараалсан тэмцээнд оролцож байгаа оролцогчдоо, баг тамирчдаа халдвар авах эрсдэлээс бүрэн хамгаалах ямар хүндрэлтэй байдгийг маш сайн ойлгосон. 20 гаруй орны 2 тэмцээн дамжин оролцох 500 гаруй оролцогчид, зохион байгуулж буй тал аль аль нь халдвар хамгааллыг чанд сахин барихыг хичээх хэдий ч бэлтгэлийн зааланд өдөрт 150 гаруй багш, тамирчид бүгд маскгүй хамтран бэлтгэлээ базаана. Тэнд маш өндөр эрсдэл байх боловч яах ч аргагүй бүгд шинжилгээгээ өгсөн тул хамтдаа нэг зааланд бэлтгэлээ хийж, хамтдаа өглөө, өдөр, оройн хоолондоо орцгооно. Мөн тэр олон оролцогч, тамирчдыг бүрэн хянахыг хичээж, гадуур явахыг хязгаарлан байнга анхааруулан цагдах боловч төдийлөн 100% яагаад ч барьж болдоггүйг тэнд байсны хувьд мэдэрч ойлгосон. Манай багийнхан ч үүнийг маш сайн мэдэж байгаа бизээ.
Эх орондоо буцсан Япон, Өмнөд солонгос, Киргыз, Иран зэрэг орнууд болон манай оролцогчдоос ковидын халдвар илэрч байгаа нь тун харамсалтай.
Одоо бид мөн л дор бүрнээ хичээж, тэвчээртэй, хүлээцтэй, тайван байхыг хичээж, дархлаагаа дэмжин энэ хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулах л үлдэж байна.
Дэлхий дахиныг түгшээсэн энэ цар тахлын үед гадагшаа олон улсын тэмцээнд оролцож байгаа ямар ч спортын төрлийн хэн ч гэсэн асар өндөр эрсдэл дунд явж байгаа тул хэн нэгнээ буруутгалгүй, эерэг хүчтэй байж хамтдаа хичээцгээе. Муу бүхэн холуур байг" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тэмцээнээс алтан медаль биш мутацлагдсан вирус зөөж авчирсан юм биш үү? Тэднийг сайн тусгаарлаж эрүүлжүүлэх хэрэгтэй.
Нүүр тахалдаг хэдэн тамирчндаа вакцин хийлгэчихгүй дээ.