ӨНӨӨДӨР I Монгол Генералын өдөр

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд "Генерал" хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.

“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг мэндчилгээ дэвшүүллээ. 

МЭНДЧИЛГЭЭ
 

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл, чөлөөнд буй генералууд, өдгөө Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын өндөр хариуцлагатай албанд амжилт дүүрэн зүтгэж буй эрхэм генералууд Та бүхэнд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье!

Генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 офицерт олгосон түүхтэй.

Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон бөгөөд алтан мөрдэст генералуудаараа бахархах, тэдний гавьяа зүтгэл, дайчин уламжлалыг нь хойч үеийнхэнд өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Манай орны түүхийн бүхий л үе шатанд эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хүн зоныхоо амар амгалан, аюулгүй байдлыг батлан хамгаалах, бататган бэхжүүлэх, хөгжлийг түргэтгэж, шинэчлэлийг эрчимжүүлэх үйл хэрэгт манлайлан зүтгэсэн эрхэм генералууд Та бүхний бүтээлч хөдөлмөр, бахдам амжилтыг баярын энэ өдөр бахархан тэмдэглэж байна.

Өнөөдөр та бидний залгамж халаа болсон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт албан хаагчид нь халдварт цар тахлын нэн хүнд бөгөөд тун хариуцлагатай нөхцөлд эх орноо батлан хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, даян дэлхийн энх амгалангийн үйлсэд мэргэжил, ур чадвараараа гайхагдан, улс орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож, аливаа осол аюул, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг нь арилгах үйл хэрэгт идэвх санаачилгатайгаар хөдөлмөрлөж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, мэргэжил, дадлага, ур чадвар, авьяас билгээрээ мөрдэс нэгт нөхдөө ямагт манлайлан дагуулагч байж, хариуцсан салбар, байгууллага, хамт олныхоо өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд голлох үүргийг гүйцэтгэсээр ирсэн эрхэм генералууд Та бүхнийхээ ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top