ОУХМ Х.Болортуяа эхний ялалтаа авлаа

2021 оны 05 сарын 07

"Токио-2020" олимпын наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өчигдөр /2021.05.06/ Болгарын нийслэл Софи хотноо эхэлсэн.

Тус тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өнөөдөр эхэллээ. Бүсгүйчүүдээс ганцаараа оролцож буй ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 62 кг-ын жинд эхний барилдаанаа Хорватын Иван Геричтэй хийж цэвэр дарав. Ингэснээр манай бөх шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррератай хүч үзнэ.

Нэмж мэдээлэхэд, олимпын эрх олгох уг дэлхийн тэмцээнд манай дөрвөн бөх барилдсанаас эрэгтэй 57 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр финалд шалгарч, олимпын эрх авсан. Э.Бэхбаяр 57 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийн тойрогт Украины Тарас Марковичийг 14:0-ээр ялсан.  Хоёр дахь барилдаандаа Италийг Гиви Давидовиг 3:2-оор ялж, хагас шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилиг 5:2 илүүрхэн, Токиогийн олимпод оролцох эрх авсан юм.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг "Токио-2020"-д 57, 65, 125 кг-ийн жинд оролцох болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top