Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы улмаас явагдах боломжгүй байсан Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Зөвлөлийн ээлжит хурал 2021 оны тавдугаар сарын 10-ны даваа гаригт хуралдлаа.
МХБХ-ны Зөвлөл болон Ерөнхийлөгчид хандсан Зөвлөлийн гишүүн Б.Батзаяа, МХБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал, Футзалын шигшээ багийн ахлагч П.Алтантулга нараас ирүүлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарт холбогдох хүсэлтийн талаар авч хэлэлцлээ.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс албан бичигт дурдсан хүсэлт болон Ерөнхий нарийн бичгийн даргын тайлбар, мөн Зөвлөлийн гишүүдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн үзэж бүх талыг сонсжээ. Эцэст нь Зөвлөл санал нэгтэйгээр хүсэлт ба тайлбарыг үндэслэн бий болсон үл ойлголцох байдлыг арилгах арга хэмжээ авч, уучлалт хүсч, цаашид ажлын арга барилаа сайжруулахыг Ерөнхий нарийн бичгийн даргад хатуу үүрэг болгов.
Зөвлөлийн хурлын үеэр Үндэсний шигшээ багийн тайлан танилцуулах арга хэмжээнд МХБХ-ны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга, хэлтсийн удирдах ажилтнууд, шигшээ багийн төлөөлөл бүхий тамирчид тус тус хамрагдан, шигшээ багтай холбоотойгоор сошиал орчинд үүсээд буй асуудал, бодит нөхцөл байдлын талаар нээлттэй, асуулт, хариулт, ярилцлага хийлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар МХБХ-ны удирдах эрх бүхий албан тушаалтны хувьд үл ойлголцох байдал бий болсонд шигшээ багийн тамирчдаас албан ёсоор уучлалт хүссэн юм.
Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар харилцан ойлголцолд хүрч, цаашид эв нэгдэл, хөгжлийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Түүнчлэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Ерөнхий нарийн бичгийн даргын талаарх санал, шүүмжийг хүлээн авч, цаашид шүүмжлэлээс шийдэл рүү эв нэгдлийг хангах зорилгоор ажиллах талаар дурдлаа.
МХБХ-ны Зөвлөл, удирдлага түүний шийдвэр, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх хэн бүхэнд нээлттэй.
Гэхдээ МХБХ-ны дүрэм, журамд хамааралтай байгууллага, хүн сошиал хуудсаар албан ажил хэрэг явуулахгүй бөгөөд МХБХ-ны талаар буруу ташаа ойлголт өгөх, нэр хүндийг гутаах нь ОУХБХ ба МХБХ-ны ёсзүй, сахилга батын дүрэм, журамд заасан зөрчилд хамаарах үндэслэлтэй болохыг санууллаа.
Иймд цаашид аливаа санал, хүсэлт, өргөдлөө МХБХ-ны удирдлага болон эрх зүйн байгууллагад /Сахилгын хороо, Ёс зүйн хороо, Маргаан таслах хороо/ албан ёсоор бичгээр хандаж, ОУХБХ, МХБХ-ны дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг уриалж байна.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл ( 1 )
Тэрбаатар гэх хөлдүү толгойтынхоо толгойг илээд байвал Монголын хөл бөмбөгийн холбоо хол явахгүй л байх даа.