Их хурлын гишүүд спортын барилга, байгууламжид АНХААРАЛ хандуулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан БТС-ын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдээр Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд томилогдон ажиллаж байна.

БТС-ын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий уг ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн нар өчигдөр  (2021.05.12) Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Нийслэлийн спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шинээр баригдаж спортын цогцолборын барилгын ажил, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ ЗОГСЖЭЭ
 

Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын бүтээн байгуулалт, зарим дүүргийн спорт цогцолборыг ашиглалтад оруулах талаар тусгагдсан. Тэдгээрийн нэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1000 хүний суудалтай 4 давхар спорт цогцолборын барилгын ажил анх 2013 онд эхэлжээ.

Одоо гүйцэтгэл нь 80 хувьтай явж байна. Харамсалтай нь, 2021 онд улсын төсөвт хангалттай санхүүжилт тусгагдаагүйгээс барилгын ажил зогсжээ. Шалтгаан нь тус цогцолбор үерийн аман дээр байрлалтай. Үерийн далан барих, барилгын ажилтай холбоотой төсөвт өртөг нь анхны батлагдсан төсвөөсөө 3 тэрбум орчим төгрөгөөр нэмэгджээ.

ГАЗРЫН БОЛОН ӨМЧЛӨЛИЙН МАРГААНТАЙ АСУУДЛААР ХОЛБОГДОХ ГАЗРУУДАД ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР БОЛЛОО

Засгийн газраас Биеийн тамир, спортын улсын хорооны өмчлөлд байсан Спорт сургалтын төвийн тамирчдын байр, уран сайхны гимнастикийн заалны барилга, эзэмшил газар зэрэг алдагдсан өмч хөрөнгийг төрийн өмчид буцаан авах талаар шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд хууль хяналтын байгууллагад эхнээсээ шалгагдаж эхлээд байна.

Газрын маргаантай холбоотой шүүхийн маргаан сүүлийн 5 жилийн нүүрийг үзэж байна. Хуучнаар уран сайхны гимнастикийн заал буюу "Шонхор" БТДС-ийн эзэмшиж байсан барилга, Спорт сургалтын төвийн тамирчдын байр, мөн тухайн орчмын газрыг менежментийн хувьчлалаар хувь хүмүүсийн эзэмшилд шилжсэн асуудалтай ажлын хэсгийн гишүүд газар дээр нь танилцаж, газрын болон өмчийн маргаантай асуудлыг судалж, холбогдох газруудад чиглэл өгөхөөр боллоо.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 40%-ТАЙ БАЙНА
 


МУИС-ийн Эдийн засгийн сургууль ард талд баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга 40 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Анх 2011 онд барилгын ажил эхэлсэн ч газрын маргааны улмаас 5 жил барилгын ажил зогсжээ.

Улмаар шүүхийн асуудал 2018 онд шийдэгдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд улсын төсөвт тусгагдсан санхүүжилтийн хүрээнд барилгын ажил явагдаж буй. Энэ жилийн ажил ирэх 6 дугаар сард эхлэх юм байна. Энэ цогцолбор нь 25 метрийн 5 зам бүхий усан бассейн, бэлтгэлийн болон стандарт спорт заалны хэсгүүдтэй. Гүйцэтгэгчээр нь “Green resource” ХХК ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.236) 2021 оны 05 сарын 13

Энэ нам дагасан дэмий гозгор спортыг яг хегжуулж харагдаач, дариухан солих хэрэгтэй

0  |  0
zochin(64.119.18.243) 2021 оны 05 сарын 13

Ih hurliin gishuudee ulsiin emnelegiin barilga bagtaamj huchin chadal ymar achaalaltai uilchilj baigaag ochij taniltsaachee

0  |  0
Top