Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь, 2018 оны наймдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ял оноосон Б.Цогт шүүгчийг өөрийнхөө шийдвэрийг дахиан шүүх нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлалаа.
Өөрөөр хэлбэл, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Шүүгч Б.Цогт ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай ойр дотно, гэр бүлийн найз гэж ярьдаг. Б.Хурц нарт холбогдох хэргийн холбогдогч есөн хүний хийсэн ажлын үр дүн. Түүнийг хэлэлцэх гэж байна. Энд ямар нэгэн байдлаар хувийн сонирхол байж болзошгүй гэж үзэж байгаа тул Б.Цогт өмгөөлөгчөөс татгалзаж байна" гэж ярилаа.
Харин хохирогчийн ар гэр болох С.Оюуны өмгөөлөгч "Шүүгчээт татгалзах татгалзлыг дэмжиж байна. Хэргийг 2018 оны наймдугаар сарын 04-ний өдрийн тогтоолтой хэлэлцсэн шүүгч нь Цогт. Тиймээс өөрийнхөө шийдвэрлэсэн хэргийг дахин шүүнэ гэдэг нь боломжгүй, үндэслэлтэй гэж үзэж байна" гэж ярилаа.
Тэгвэл шүүгч Б.Цогт "Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй. Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлж байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй болохоор өнөөдөр хуралдааныг шийдвэрлэх гээд сууж байна. Төрийн албан хаагчийн ингэж гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Энэ хэрэг маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хойш комьпютер программаар хуваарилагдаж ирдэг болохоос хэн нэг нь хуваарилаагүй. Надад энэ хэргийн үнэн зөв шийдэх хүсэл байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгч Б.Цогтоос татгалзсан өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй. Улмаар шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )