Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ.
Улмаар гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг БАТЛАН ДААЛТАД гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр ял шийтгэлтэй тул үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн яаралтай суллах шийдвэрийг гаргасан байна. Одоогоор шүүхийн шийдвэр хорих ангид нь албажиж очоогүй байгаа аж. Гэхдээ тэднийг өнөөдөр суллана гэж албаныхан мэдээллээ.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй хэргийг хаалттай хэлэлцсэн юм.
Учир нь, шүүгч Б.Цогт "Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй. Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлж байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй болохоор өнөөдөр хуралдааныг шийдвэрлэх гээд сууж байна. Төрийн албан хаагчийн ингэж гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Энэ хэрэг маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хойш комьпютер программаар хуваарилагдаж ирдэг болохоос хэн нэг нь хуваарилаагүй. Надад энэ хэргийн үнэн зөв шийдэх хүсэл байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )