Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр /2021.05.16/ эхэллээ.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ын СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нар оролцлоо. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн нь 2007 оноос хойш уламжлал болгон явагдаж ирсэн бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг дээшлүүлдэг онцлогтой.
Энэ удаагийн тэмцээнд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баг тамирчид оролцож чадаагүй ч Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг сорих энэ тэмцээн оролцогчдын тоог салаанаас рот хүртэлх бүрэлдэхүүнтэй болгон нэмэгдүүлж, тэмцээний журамд эзлэгдсэн объектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүд ашиглах зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан юм.
Тэмцээнд оролцогчдод хандаж хошууч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ "Эх орноо батлан хамгаалах эрхэм үүрэг хүлээсэн тангараг нэгт мянга, мянган цог золбоот цэрэг эрс охид бүсгүйчүүдээс эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүч, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаараа шалгаран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох гэж буй эрхэм баг тамирчдадаа баяр хүргэе" гээд спортын талбарт хүчтэй өрсөлдөгчид хэдий ч эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэхэд гар нийлсэн хамтрагчид гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )