УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж баталсан билээ. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ирэх зургаадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм. Одоогоор хамтарсан Ажлын хэсэг гарч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.
-ВИЗНИЙ 11 ТӨРЛИЙН АНГИЛАЛЫГ 63 БОЛГОН ӨӨРЧИЛСӨН-
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд томоохон шинэчлэлт хийж, баталсан. Хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх зургаадугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд орсон томоохон онцлох өөрчлөлтийн талаар тоодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлт ирэх зургаадугаар сарын 01-нээс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хуульд томоохон хэд, хэдэн өөрчлөлт орсон. Жишээ нь, одоо мөрдөгдөж байгаа хуулиар визний ангилалыг зөвхөн хуулиар тогтоодог байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч визний ангилалыг нэмэх, өөрчлөх шаардлагатай тохиолдолд УИХ-аар оруулж, хуулиа өөрчилдөг байсан юм.
Харин ирэх сараас хэрэгжиж эхлэх хуулийн өөрчлөлтөөр үүнийг хялбаршуулж, уян хатан болгосон. Нэг үгээр Засгийн газрын шийдвэрээр өөрчилдөг болж байна. Хуучин визний 11 төрлийн ангилалыг хуульд тусгаж өгсөн бол одоо Засгийн газрын тогтоолоор 63 төрөл болгон өөрчилж байна. Өнөө, маргаашгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тогтоол нь гарна.
-Өөрөөр хэлбэл, визний ангилалыг нарийвчилж өгч байна гэсэн үг үү?
-Тийм. Өмнө нь нэг төрлийн визийг нийтэд нь олгодог байсан. Тухайлбал, хөдөлмөр ангилалын визийг л гэхэд гаднаас хөдөлмөр эрхлэх ажилчдыг оруулах, гаргах тохиолдолд л олгодог байсан. Одоо бол үүнийг маш нарийн задалж өгч байгаагаараа онцлогтой юм. Жишээлбэл, боловсрол салбарт ажиллах гадаадын иргэнд С5, эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирсэн гадаадын иргэнд С7 ангилалын виз олгох гэх мэт тухайн салбар тус бүрт нь өөр, өөр ангилалын виз олгодог болж байна.
Ингэснээр Монгол Улсад зорчиж байгаа гадаадын иргэдийг хэдэн төрлийн ангилалаар хэчнээн хүн орж ирж байгаа зэрэг нарийвчилсан, тодорхой тоо судалгаа гарч ирэх юм. Дээр нь Монгол Улсад орж ирж байгаа тохиолдолд би ийм төрлийн визний ангилалыг мэдүүлэх юм байна нарийн ойлголт нь бий болж байна гэхэд болно.-
-ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААГ 48 ЦАГ БОЛГОН ХЯЛБАРШУУЛЖ БАЙГАА-
-Монгол Улсад нэвтрэн орж ирсэн гадаадын иргэдийг бүртгэх бүртгэлийн асуудлыг цахимжуулж байгаа юм билээ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цахим үндэстэн, цахим засаглалыг бий болгохоор тусгагдсан. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг бол бүртгэлийн систем яах аргагүй мөн юм. Өмнө гадаадын иргэн Монгол Улсад орж ирээд долоо хоногийн дотор нэлээд их хэмжээний бичиг, баримтыг бүрдүүлж өөрийн биеэр Гадаадын иргэн, харьяатын газар ирж бүртгүүлдэг байсан.
Үүнийг халснаар тухайн гадаадын иргэн 48 цагийн дотор гар утсаараа манай албан ёсны цахим сайт руу нэвтрэн орж, тодорхой төрлийн мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байх бололцоо бүрдэж байна. Ингэснээр тэд цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм.
-ГАДААДЫН ИРГЭДЭД 13 ОРОНТОЙ РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОДОГ БОЛНО-
-Хуулийн өөрчлөлтөөр гадаадын иргэнд регистрийн дугаар олгодог болох юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тийм, Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэн орж ирж байгаа тухайн гадаадын иргэнд регистрийн дугаар олгоно. Тухайн регистрийн дугаар нь 13 тооноос бүрдэнэ. Гэхдээ гадаадын иргэдийг сонгууль өгөх, газар өмчлөх, зэвсэг эзэмшихээс бусад тохиолдолд тэрхүү регистрийн дугаараар нь нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой юм. Энэхүү зүйл нь хуулийн онцлог.
-Гадаадын иргэд Монгол Улсад удаан хугацаанд оршин суухдаа гарах, орох виз даруулдаг. Үүнийг нэг мөр халж байгаа гэж сонссон юм байна шүү?
-Тийм ээ, бүрэн халж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Буянт-Ухаа ч байдаг юм уу ямарваа нэгэн боомтоор Монгол Улсаас гарахаасаа 1-3 хоногийн өмнө ирж паспорт дээрээ хэвлэмэл маягтайгаар виз даруулдаг байсан. Үүнийг бүр мөсөн халж байгаа юм. Энэ бол хүндрэл учруулдаг байсан асуудлыг нэг л дээ. Энэ чиглэлд гомдол, санал ч их ирдэг байсан юм. Дээр нь олон улсын жишгээр гарах, орох визийг халж байна.
-ГАДААДЫН ЖУУЛЧИД ӨДРИЙН ВИЗЭЭР ТУХАЙН БҮС НУТАГТ АЯЛАХ БОЛОМЖТОЙ-
-Монгол Улсад өдрийн визээр аялах сонирхолтой гаднын жуулчид их байдаг. Энэ чиглэлд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуултд ямар өөрчлөлт орсон бэ?
-Яах аргагүй гол өөрчлөлтийн нэг нь цахим виз, өдрийн визний асуудал. Таны хэлснээр Монгол Улсад өдрийн визээр зорчих сонирхолтой гаднын иргэд, жуулчид их байдаг. Тэгвэл өдрийн визээр тухайн бус нутагтаа аялж, нутаг буцах боломжийг хуулиараа олгож өгч байна. Ингэснээрээ аялал жуулчлал ч хөгжинө. Нөгөө талаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтой болж байгаа юм.
Дээр нь цахим визний асуудал байна. Монгол Улсад аялал, жуулчлалаар ирэх сонирхолтой гадаадын иргэд дэлхийн хаанаас ч гэсэн аялал жуулчлалын визийн цахимаар мэдүүлж, 3-4 хоногийн дараа цахимаар хариугаа авч Монгол Улсад нэвтрэх бололцоо бүрдэж байна. Энэ мэт гол, гол өөрчлөлтүүд орсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
Hiih ajilgui, giyrsen humuus ikh bdg yum bn le, ene baiguullagad.
Энэ хуулийг баталсан лаларуудыг хараал идэг
hujgaag importlooj baijdee adgiin shaar utnuud ni irj hachig shig naaldah baihdaa kkk
GADAADSAAD BAIH YU BAIHVDEE,HUJAAL GENE BIZDE