УРЛАН: Сэтгэлд ургасан БУРХНЫ ОРОН

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 22

Зураач Д.Соёлмаа уран бүтээлч гэр бүлд өсжээ. Түүний аав нь монгол зургийн нэрт төлөөлөгч Ц.Даваахүү бол ээж  нь зураач, уран хатгамалч Д.Уранчимэг юм. 
 


Тэдний нөлөөгөөр дөрвөн хүүхэд нь бүгд урлагийн мэдлэгтэй, гарын дүйтэй хүмүүс болжээ. Бага байхад нь аав, ээж хоёр нь өглөө үүрээр хүүхдүүдээ сэрээчихгүйн тулд чимээгүйхэн босоод бүтээлээ хийж суудаг байжээ. 

Д.Соёлмаа багаасаа ном унших дуртай хүүхэд байв. 1996 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Ц.Нарангэрэл багшийн ангид чимэглэх уран зургийн зураачаар төгсжээ. Ц.Нарангэрэл багш нь байгалийн зургаараа нэрд гарсан зураач бөгөөд шавь нартаа “Зураач хүн байнгын эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөж байх хэрэгтэй” гэж сургадаг байжээ.

Д.Соёлмаа 2004 оноос Бурханы шашны сэдэвтэй  зургуудаа  зурж эхэлжээ. Уран бүтээлийнхээ санааг уншсан номоосоо авдаг бөгөөд бурхдыг заавал сэнтий дээр завилж суугаад амарлингуй дүртэйгээр зурахдаа гол биш өөр, өөр орчинд аваачиж, өөр өөр сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр зурахыг эрмэлздгээрээ онцлогтой. Тэрбээр 1998 оноос гадаад, дотоодод зохиогдож байгаа үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, шавхагдашгүй гүн гүнзгий, төсөөлшгүй баялаг зургуудаараа хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ.

Шашны сэдэвтэй атлаа чөлөөт сэтгэлгээтэй, баригдмал биш бүтээлүүдээ бясалгал, бодрол, зүүд зөнгийн илэрхийлэмжээр илэрхийлдэг ажгуу.
 

Д.Соёлмаа “Монгол оронд бурхан бүтээх урлаг дээд цэгтээ хүртлээ хөгжсөн эртний уламжлалтай. Бурхан бүтээхэд номыг нь мэдэх, эрх авахаас авахуулаад бясалгал хийх, тиг хэмжээг барьж бүтээх гээд нарийн учир утгатай. Миний аав Бурхан их сайхан бүтээдэг хүн байлаа. Би анх ааваасаа бурхан яаж бүтээдгийг заалгаж байсан. Харин одоо миний хийж байгаа зургуудыг орчин үеийн урлаг талаас нь харах хэрэгтэй. Бурхны шашныг шүтдэг орчин цагт амьдарч байгаа зураачийн өөрийн мэдлэг, мэдрэмжээ орчин үеийн арга барилаар илэрхийлж байгаа хэлбэр юм. Тиймээс уламжлалт шүтээн зураг бол биш. Миний зургуудыг сонирхдог хүмүүс голдуу бурхны шашин шүтдэг гадаад хүмүүс байдаг. Миний санааг ойлгодог олон хүмүүс байдаг, ойлгохгүй бурхан ийм байдаггүй гэдэг хүмүүс ч бий. Юутай ч би өөрөө Бурханы шашныг шүтдэг хүнийхээ хувьд хийж буй ажилдаа тун хүндэтгэлтэй ханддаг юм” хэмээн өгүүлсэн юм. Тэрбээр бүтээл төрөхөөс өмнө ганцаараа тайван орчинд бүтээлийн санаа, гүйцэтгэл, ажиллагаагаа  бодож төвлөрөх дуртай. Заримдаа нойр хулжин шөнөжин бодох ч үе бий. Хоолоо хийж байхдаа, хүүхдээ хооллож, гадуур алхаж явахдаа ч бодно. Яг зураад эхлэхийн өмнө бүх юм цэвэрхэн байх нь түүнд маш чухал гэнэ лээ. Зураач маань “Энэ цаг үед хийж бүтээж байгаа бүх уран бүтээлчид өөрийнхөө гайхамшгийг  бүтээж, цаг үеэ өнгөлж байдаг. Монгол хүн мөнгөний боолчлолоос ангижирсан цагт дуртай юмаа хийж илүү хол явна гэж боддог. Чөлөөт уран бүтээлчид их биеэ даасан хүмүүс байдаг. Grayson Perry, David Houckney, Nicolas Wilton, Takashi Murakami гээд хорвоог өнгөлөг болгож байгаа бүтээлчдэд дуртай” гэж нэгэнтээ хэлсэн юм.

Д.Соёлмаа Мэргэжлийн уран бүтээлчээр 23 дах жилдээ ажиллах хугацаандаа нийт найман бие даасан үзэсгэлэн, 15 гаруй хамтарсан үзэсгэлэнг АНУ, Канад, Энэтхэг, Вьетнам, Солонгос, Англи зэрэг улсууд болон эх орондоо зохион байгуулж оролцсон байна. Түүний Буддын шашин, философийн сэдвүүдээр хийсэн төрөл бүрийн бүтээлүүд нь өөрийн өнгө төрхийг олсон давтагдашгүй чанартай байдаг.  2006   онд  “Гандирсын балгад”, 2009   онд   “Urban Mystic”, 2015  онд “Дүүлэн” зэрэг бие даасан үзэсгэлэнгээ гаргаж  “Бодисадва нар”, “Гүн Самади”, “ Шөнө” зэрэг бүтээлээрээ уран зураг сонирхогчдоос болон мэргэжлийн зураач нараас өндөр үнэлэлт авч байв.

Зураач С.Төгс-Оюун түүний бүтээлийг уран бүтээлч хүний нүдээр тун гярхай ажиглаж ийнхүү сийрүүлжээ.

“Зураач бүсгүйн “Шөнө” бүтээлд дээд язгууртан гаралтай бүсгүй тансаг сайхан өргөө гэртээ тайван амгалан нойрсож хэн нэгнийг зүүдэндээ үзэн баясан мишээж байгаа бол “Бодисадва нар” бүтээлд тэнгэрийн орноо амьдран байх Бодисадва бяцхан хөөрхөн охидыг дагуулан диваажингийн цэцэрлэгээр зугаалан явна. Тэнд мөнхийн цагаан уул цэцэгс маш томоор ургадаг ажээ. Цагаан далавчит тэнгэрийн дагина түүний амьдран суудаг өрөөнд хааяа сэмхэн ирдэг болов уу гэмээр санагдуулна. Энэ ертөнцийн амьдрал түүнд их сонирхолтой байгаа бололтой ийш тийш ихэд анхааралтай сонирхон харна. Бадамлянхуа цэцгэн дээр суун бясалгаж байгаа Цагаан Дарь-эх юутай гоо үзэсгэлэнтэй гээч. Нуурын мандлын усны гүн цэнхэр туяа бүх биеийг нь гэрэлтүүлэн байхуйд дөнгөж дэлбээлсэн цэцгийн тансаг үнэр түүнийг тойрон сэнгэнэнэ” хэмээжихүй ямархан тансаг бүтээл сэтгэлд ургана вэ. Бүтээл төрөх агшин гэдэг түүний хувьд  “Ямар сайхан юм бэ” гэж мэдрэх таашаал. Уран бүтээлчийн зүрх сэтгэлд сэрхийтэл буусан үүдэл санааг илэрхийлэх таашаал. Таашаал, мэдрэмжээр бусдын мэдрэмжид нөлөөлөх юм. Д.Соёлмаа “Онгод хаанаас, яаж ирдгийг би мэдэхгүй. Гагцхүү өөрт орж ирж, өөрийн арга барилд нийцүүлэн хөгжүүлээд, тэр нь эхлэлтэйгээ холбогддог. Энэ бол алдаж боломгүй агшин байдаг шүү” гэсэн.
 


Үнэхээр л түүний бүтээлүүд яг л үлгэрийн мэт ид шидийн ертөнцөд аваачдаг бөлгөө.

”Дуу” бүтээлд Янжинлхам бурхан, монгол бүсгүй хоёр үүлэн дээр ардын дуу дуулж байх шиг. Пиппа хөгжмөөр наадсан урлагийн бурхан тэнгэрийг лянхуа цэцэг дээр завилж суугаагаар дүрсэлдэг бол Соёлмаагийн урлагийн охин тэнгэр үүлэн дээр заларч авай. Түүний дэргэд хөөрөгний даалин атгасан хатан өмсгөлт залуухан үзэсгэлэнт бүсгүй суугаа нь амраг хайртай залуугаа санан гансарч дуулж байна уу даа гэмээр. “Дарь эх” бүтээлд нь бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэгч, бүхнийг нигүүлсэгч Ногоон дарь эх бурхан хүмүүний амьдралыг их дээрээс ширтэнэ. Түүний өлмийд хөгшин, залуу хүмүүс цэцэг навч, хадаг яндар барин хүсэл бүхнээ гуйх ажгуу. Ногоон дарь эхийн магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Хүмүүний юу санасан есөн хүслийг анирдан болгоож буй дарь эхийн амарлингуй атлаа хүчирхэг дүр төрх үүлэн дундаас сүртэй яа харагдана. Дорнын гүн ухааны үлгэр домогт гардаг бурхад, бодисадва болон охин тэнгэрүүд түүний бүтээлд ийнхүү огт өөрөөр дүрслэгддэг.

Эдгээр зургуудаа бурхны тиг жаягт огтхон ч баригдалгүй өөрийн хүссэн зохиомжийн шийдлээр илэрхийлэн гаргахдаа хурц тод өнгө болон хүйтэн хөх, номин ногоон болон цагаан ягаан өнгөнүүдийг хооронд нь уялдуулан хослуулж нэгэн сайхан орчинг бүрдүүлдэг нь түүний онцлог шинж билээ. Соёлмаа уншсан номноосоо, гадаад улс орноор аялах, байгалийн сайханд зугаалах нь урам зориг, шинэ санаагаар дүүрэн, эрч хүчтэй болдог гэнэ.

Түүний  сэтгэлийг хөдөлгөдөг зүйл дорнын урлагийн билэгдэлт шинж чанар бөгөөд бусад улс орнуудын хүмүүсийн хийж бүтээж байгаа урлаг юм. Соёл иргэншил гэдэг  итгэл үнэмшил дээр тогтдог нь урлагаас  харагдаж байдаг.  Соёлмаа “Хүн бүрийн дотор бяцхан хүүхэд оршиж байдаг. Бас хүн бүрийн дотор бурхан оршиж байдаг гэдэгт итгэдэг. Миний зүрх сэтгэл дотор энэ хоёр хоёулаа сүлэлдэн оршиж байгааг би мэдэрдэг. Урлаг хүний сэтгэлийг хөдөлгөх увдистай. Урлагт сэтгэлгээ хил хязгааргүй учир өөрт төрсөн мэдрэмжийг бусадтай хуваалцах нь намайг аз жаргалтай болгож байдаг. Бурханы шашин зурж дүрсэлж барагдашгүй баялаг, хэзээ ч шавхагдашгүй гүн гүнзгий сэдэв юм” хэмээнэ.

Бурханы гүн ухааныг уран зурагт дүрслэхдээ хүүхдийн гэнэн, гэгээн шидэт ертөнцийг хамтад нь илэрхийлж байгаа нь гайхалтай. Мөн бүтээл хийхэд ямар цаг хугацаа зарцуулсан байх нь чухал биш. Илэрхийлж гаргах гэсэн санаа нь гарсан байх нь чухал гэдэгтэй тэр санал нэг байдаг. Яах аргагүй цаг хугацаа их ордог бүтээл гэдэг зээгт наамар бөгөөд нэг бүтээл дээр 1-2 жил болох ч үе бий. Сүүлийн үед тэрбээр Монголын уламжлалт урлаг зээгт наамлын төрлөөр өв соёлоо сэргээх, шинэ түвшинд хөгжүүлэхээр хэд хэдэн том хэмжээний бүтээл хийж гадаад тодоодын үзэсгэлэнд оролцжээ. Уран бүтээлийн цараа хүрээгээ өргөжүүлж буй Д.Соёлмаа соёлт ертөнцөд Монгол хэмээх үзэл, итгэл үнэмшил, түүх, зан заншлыг өөрийнхөө бүтээлдээ ийнхүү тунхагласаар байна.
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nimo(66.181.177.206) 2021 оны 05 сарын 24

Гайхалтай....

1  |  0
(59.153.115.136) 2021 оны 05 сарын 23

5 nastai huuhdiin zurag l bn

0  |  1
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 23

Д.Соёлмаа гэж гайхалтай зураач байдгийг олж мэдлээ амжилт аз жаргалыг хүсье.

1  |  0
Top