Энэ зун нэг л дүрмийг баримтлах хэрэгтэй. “Хувцас бага байх тусам сайн”. Өөрөөр хэлбэл биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан цоолбор, хайчилбартай загварууд, эсвэл бүр мөр, нуруу, хэвлийг ил тодоор харуулсан браллет буюу хатуулгагүй цээживчүүд хувцасны шүүгээн дэх гол загвараар тодорчээ.
Браллетыг анх Tom Ford онцолсон бол, удалгүй Emilia Wickstead, Molly Goddard, Osman, Maximilian, Alberta Ferretti гээд бараг бүх дизайнерууд сонгох болжээ.
Дизайны хувьд минимал цэмцгэр, уулын болор чулуудаар бүрхэгдсэн, тансаг, баялаг хээтэй, бохо гээд ямар ч үед өмсөж болох хувилбарууд гарсан байна. Оффисын нөхцөлд харин гадуур нь oversize пиджак өмсөж, сул загвартай брюк өмдтэй хослуулахад л хангалттай.
Өнгөний тухайд 2021 онд бүхэлдээ тод өнгөнүүд ноёрхох болно. Дизайнерууд өөдрөг уур амьсгалыг бий болгохоор шийдэн тод ногоон, улбар шар, цэнхэр гээд бүхий л өнгөнүүдийг онцолсон ч тэр дунд хамгийн чухал байр суурийг ягаан өнгө эзэлсэн байна. Энэ онд ягаан өнгийн бүхий л туяаг хаа сайгүй харахад бэлэн байгаарай.
ФЭШН АМНЫ ХААЛТ
Амны хаалтууд өнөөдөр яг л цамц эсвэл цүнхний адил хүний хэрэглээ болжээ. 2021 онд дизайнерууд аюулгүй байдал болон загварын мэдрэмжээ хослуулахыг уриалсан. Зуны үгчим халуун агаар сэлгэх нимгэн хэр нь тансаг материалтай, шигтгээ, хатгамалтай, торон амны хаалтууд эрэлттэй байх болно. Стилистүүд амны хаалтыг өмссөн хувцастайгаа ижилсүүлж, эсвэл өнгөний контраст дээр тоглолт хийхийг зөвлөж байна.
ООСОР, УТАС, УЯА
Цээж болон бэлхүүс хэсгийг ороосон оосор, утас, уяатай аливаа хувцас 2021 оны турш ноёрхоно. Хамгийн анх 1992 оны Prada-гийн загварын шоу дээр гарч ирсэн энэ жижиг деталь нь 1990-ээд оны загварыг илтгэх нэгэн чухал тренд болсон бөгөөд одоо Victoria Beckham, Christopher Esber, Versace зэрэг брэндүүдийн ачаар эргээд моданд орлоо. Оосор, уяа нь газар хүрсэн урт даашинз, браллет, бикини, топ, юбка гээд ямар ч хувцастай холбогдсон байх боломжтой тул өөрийн бие галбирт тохирсон загвараа сонгоход л болно.
НЭВТ ГЭРЭЛТСЭН ЖИНГҮЙ МАТЕРИАЛУУД
Яг л хайлах гэж буй мөс мэт нэвт гэрэлтэх, хөнгөн материалуудаар хослол, даашинз, цамц гээд байж болох бүхий л төрлийн хувцаснуудыг урлаж байна. Ийм материалыг мөн брюк өмд, хоолойтой цамц зэрэг зузаан загваруудтай хослуулбал маш сонирхолтой харагдана. Жишээ нь таны цамцны ханцуй, юбканы хормой гэрэлтсэн материалаар хийгдсэн бол энэ зун та өөртөө итгэлтэй алхаж болно. Аялал, албан тасалгаа аль ч үед энэ загвар таныг эелдэг, загварлаг харагдуулна шүү.
КОРСЕТЫН СЭРГЭН МАНДАЛТ
Энэ онд корсетууд өдөр тутмын спорт хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Givenchy, Alexander McQueen, Vivienne Westwood болон бусад олон брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь streetwear хэв маягтай байж, биед эвтэйхэн материалаар хийгдсэн байх учиртайгаас гадна хөдөлгөөн хорих ёсгүй юм. Галбирлаг харагдуулах үүрэгтэй корсет нь хувцасны дотуур өмсөгддөг үе өнгөрч цамц, даашинз зэрэг аль ч хувцасны нэг хэсэг болжээ.
ЭРХ ЧӨЛӨӨ ХАНХИЙХ ТОРОН ЗАГВАРУУД
Савхи, ноос, даавуу, макраме гээд ямар ч хамаагүй материалаар хийсэн тор мэт хийцтэй эдлэлүүдийг дизайнерууд хуяг гэж төсөөлөн минимал даашинзууд дээр давхарлаж, өөрсдийгөө загварлаг байдлаар "хамгаалахыг" уриалж байна. Торон загварыг ерөнхийдөө ямар ч хувцастай давхарлаж хормын зуур загварлаг төрх бүрдүүлэх маш хялбар арга юм. Зуны сэрүүн орой далайн эрэг дээр энэ загвар таныг дааруулахгүйгээс гадна зураг дээр ямар эрх чөлөөтэй, атаархам загварлаг гарахаа тооцож үзээрэй.
ЦООЛБОР, ХАЙЧИЛБАР БОЛОН ЖИЖИГ НҮХНҮҮД
Хавар-зуны улирлын цуглуулгуудад бүрэн бүтэн загвар бараг л харагдсангүй. Дизайнерууд бүгд л ямар нэгэн цоолбор, хайчилбар, жижиг нүхнүүдтэй хувцаснуудыг санал болгож, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргахыг уриалж байна. Тэр дундаа бэлхүүс болоод цээж орчимд цоолбортой загваруудыг анхааралдаа аваарай.
ӨРГӨН ХЭЛХГЭР ӨМД
Бэлтгэлийн өмд трендээс гарч, эрэгтэй тасгаас сонгож авсан мэт хэлхгэр загвартай, өргөн даавуун өмд энэ зуны чиг хандлага болоод байна. Хэрвээ сүүлийн үед байнга бэлтгэлийн өмд эсвэл жийнс өмссөөр уйдсан бол ийм өргөн загварын даавуун өмд сонирхоод үзээрэй. Биед маш эвтэйхэн хэр нь тун загварлаг сонголт байх болно.Өргөн өмдийг цагаан сорочкин цамц, бариу кардиган, сул пиджак, жилет зэрэг энгийн өдөр тутмын загваруудтай хослуулан, ажил хэрэгч, минимал, загварлаг, эрэгтэйлэг, элегант гээд олон төрлийн дүр төрхийг бүрдүүлж харуулжээ.
НИСЭХ МЭТ ХОРМОЙТОЙ ДААШИНЗУУД
Өнгөрсөн оны дийлэнх цагийг гэртээ, хязгаарлагдмал орчинд өнгөрүүлсэн бид одоо эрх чөлөө рүү тэмүүлж байна. Дизайнерууд агаар сайн нэвтрүүлэн амьсгалах боломжийг олгох, газар хүрсэн урттай, намирсан романтик нисэж буй мэт хормойтой даашинзуудыг онцоллоо. Яг л Ривиерагийн далайн эрэг дээр байгаа мэт зөөлөн салхитай гэгээлэг орчинд коктейль шимэн суух тэр мэдрэмжийг эдгээр даашинзууд өгөх болно. Хэрэв та аялалд гарах гэж байгаа бол заавал даашинзаа аваарай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Одоо ч хувцаслалт чухал биш амны хаалт зүүх нь чухал хэрэгцээ болжээ.