Э.Төгсжаргал: Ээжийг минь орлож үлдэхээр ном маань мэндэлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Дулаан атлаа жиндүү, жиндүүхэн атлаа дулаахан гэмээр гарчигтай энэ ярилцлагын эзэн бол Булган аймгийн Хялганат хэмээх алс буйдхан тосгондоо, чимээгүйхэн шүлэг нэрж суух, залуу яруу найрагч Энхээгийн Төгсжаргал юм. Тэрбээр уран зохиолын “Гүн утга” нэгдлийн гишүүн бөгөөд “Тээгч сарууд” нэртэй анхны шүлгийн түүврээ хэвлүүлээд удаагүй байгаа аж. Шинэ номын эрлээр сураг тавьж, үлгэрийн тосгоны амьд моддын нэг нь болж, өдрөөс өдөрт уран зохиолд өөрийгөө зорсоор суугаа түүнтэй ярилцахаар шийдсэн маань энэ. Номын өмнөтгөлд бичснээр, тэр үнэхээр л “...шүлэг шигээ хүн юм”.


-Хэдхэн жилийн өмнө үзэг цаас барьж, захидлаар харилцах нь өнөөгийн цахим ертөнцийн шуудхан холбогдож чадах хүч чадлыг орлож байж шүү. Бид ч түүний амьд гэрч. Яагаад ч юм тухайн үеийн захидлууд цаг агаар асууж эхэлдэг нь учиртай байсан биз. Түүний нэгэн адил яриагаа эхлэе. Хялганат тосгонд цаг агаар ямар байна вэ?

-Угтаа өдрөөс өдөрт сайхан цаг айсуй. Яг одоо ч, үлгэрийн Хялганат тосгонд бороо орж байна даа.

-Сайхан хэрэг шүү. Үлгэрийн тосгондоо аж төрөх Энхээгийн хүүгийн доторх цаг агаар харин ямархан байгаа бол?

-Их хүнд асуулт байна... Үнэнийг хэлэхэд миний доторх цаг агаар, хамгийн хүйтэн хэмтэй, хамгийн хүчтэй салхитай, хамгийн их цасан шуургатай л, амьдрал зогсонги байдалд орох мэт тийм л өдрүүд үргэлжилж байна даа. Жамын улирал явагдаж ээжийгээ хэдхэн хоногийн өмнө бурхдын орон руу үдчихлээ.

-Уучлаарай, тэр (ижий тань) сайхан газарт, хамгийн хүндтэй суудалд заларч байгаа гэж итгэж байна. Хайртай хүнээ одуулах цагаар анхны тань ном мэндэлжээ дээ. Цаг хугацаа ийм хатуу санж. Эсвэл тийм зөөлөн?

-Тиймээ ээжийг минь орлож үлдэх дайны, хамгийн үнэт зүйл болж, анхны шүлгийн ном маань мэндэллээ гэж бодож сууна. Би энэ номондоо хязгааргүй хайртай байгаа.

-"Тээгч сарууд" юуг тээж номын санд мэндэлснийг уншигчид олоод мэдрэх нь дамжиггүй. Хэдий тийм ч уншихыг хүсч буй хүмүүст шивнээ болгож, түүврээсээ шүлэг дуулгаач?

- Тийм дээ, товчхондоо хүн төрөлхтөний бүхий л зовлон жаргал, сайн мууг, сар жилүүд гэмээнэ эн тэнцүү л "тээж" ирсэн шүү дээ. Номоосоо шүлэг хэлье ээ.

Урсаж буй нулимсаа

            Чимээгүйн дотор залгиж

Үдэлт хийгээд бурхны өмнө

            Дуугүй зогсох хэцүү байдаг

                                                            /“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 48-р тал/

УРАГ

Наян дөрөв дэх өдөр тохиож байна,

Хэвлий дэх ургийн зүрх цохилж байна.

Гар, хөл, нүүр, хамар,

Бусад эрхтнүүд нь хэлбэрээ олж байна.

Гадаа..,

Өтгөн цагаан манан уулсынхаа зулайг үнссэн

Намар цаг.

Хэвлий дэх ураг хэлбэрээ олж

Томорсоор л байна.

Аяархан түлхэх хөдөлгөөнийг чинь

Аав нь алганыхаа цаанаас мэдэрч сууна.

Цаг хугацаа инээмсэглэсэн

зуун дөч дэх өдөр болж байна,

Сормуус чинь ургаж

Зүрхний чинь цохилт

тодоос тод сонсогдож байна.

Өглөө орсон шинэхэн цас

Зуун ерэн зургаа дахь өдрийг авч ирлээ.

Эхийнхээ хэвлийд эрхий хуруугаа хөхөж

Шүднийх нь бүтэц бүрэлдэж байна.

Өдрөөс өдөрт өсөн томорчээ, үр минь

Өнөөдөр бүр нүдээ нээж байна.

Тэр жижигхэн гар хөл

тийчигнэн хөдлөх агшин хэмнэлтэй

Хоёр зуун хорин дөрөв дэх өдөр болж байна.

Гадаа сайхан байна, үр минь

Учирлаж шивнээд салхины уруул

Шувуудын мэндийг дамжуулж байна.

Үдэш болгон үлгэр зохиолгож

яриулах дуртай үр минь

Ээжтэйгээ инээмсэглэж,

Хэвлийдээ жаргалтай байхыг чинь хараад

Аав нь ахиад л

хүн болж төрөх тухай төсөөлж сууна.

Маргааш..,

Хоёр зуун дөчин долоо дахь өдөр тохионо.

Одоо үр минь

ижийнхээ хэвлийгээс мэндлэхэд

Нэгхэн сар л үлдлээ.

Секунд.., минут.., цаг..,

Өдөр хоног.., сар..,

Ийм их хайр

Ингэж л эсэн мэнд мэндэллээ.

/“Тээгч сарууд” шүлгийн түүвэр, 72-р тал/

Өнөөдөр миний хувьд "Ураг" хэмээх энэ шүлэг л үгүйлэгдэж сууна. Би ингэж л мэндэлсэн. Хайрт хүүхдүүд минь ч гэсэн, магад ном маань ч бас.

-Хүүгээ эсвэл охиноо өөрөөрөө овоглох, анхны номоо өөрөөрөө овоглох ижил мэдрэмж байх юм уу?

-Бүгд өөр. Гэхдээ бүрэлдэж бүрэлдэж эд эсүүд нь надаар холбогдон уялдах учир, басхүү төстэй ч иалууд бий байх.

 -Гүн утга уран бүтээлийн нэгдлээс эрхлэн гаргаж буй цуврал номууд өөрийн тань "Тээгч сарууд" хэмээх бүтээлээр эхэлж байгаа гэж дуулсан. “Үүдэл” цувралынхаа талаар дурдаач?

-Тийм ээ. Гүн утга уран бүтээлийн нэгдэл хэмээх энэ айлд, олон сайн уншигчид, бүтээн туурвигчид бий. Д.Мандахсан /МУГБ/ хэмээх буурал багшийн дэргэд, Н.Мөнхбаяр, Б.Баясгалан, Н.Мөнхнаран, Х.Нямхишиг, Д.Бадамхүү, Д.Цэнд-Аюуш, Г.Мишээл, С.Мөнхгэрэл, Г.Хашбаатар, Д.Сосорбарам гэх мэт өөр олон залуусыг дурдаж болно. Энэ нэгдэлд өөр өөрсдийн гэсэн онцлогтой хүмүүс байдаг нь сайхан санагддаг. Товчхондоо бие биенийхээ дутууг нөхөх гэж, олж харах гэж, хурцлах гэж, өөрчлөх гэж, бодитоор уран зохиолын салбарт, сайн бүтээл туурвих, уншигч олноо тэжээн тэтгэх гэж байгуулагдсан гэж ойлгодог. Өөр олон ч агуулгыг агуулдаг л даа. Нэгдлээс маань олон олон төрөл жанрын бүтээлүүд гаргах гэж буйд би хуьвдаа тун их олзуурхаж байгаа. Цаашдаа энэхүү “Үүдэл” цувралынхаа хүрээнд яруу найргаас гадна орчуулга, жүжгийн зохиол, хүүрнэл зохиол зэрэг шинэ содон номууд удахгүй уншигчдын гарт хүрэхээр зэхэгдсэн байгаа.

 -Хэдэн жил шүлэг бичиж буйгаар юуг ч юм хэмжинэ гэдэг адгуу бөгөөд тэнэглэл шүү дээ. Зүгээр л хэзээ гэдгийг асуух гэсэн юм. Яруу найраг чамд хэзээ ирэв ээ. Эсвэл чи яруу найрагт хэзээ ирэв ээ?

-Яруу найраг гэдэг зүйл хүүхэд ахуй цагаас минь ойрхон явсан юм билээ. Харамсалтай нь би л олж, өөрөө өөрийгөө нээж хараагүй явж байсан хэрэг. Хожим сүүлд л хэт их “уй гуниг” хуримтлагдаад байсан маань гэнэт задарч, шүлэг болсон доо.

-Тэсэрч задарч л шүлэг ирдэг юм уу даа гэж ойлголоо. Яг л эх өвдөж, хүүхэд унах шиг эзнээ уйгаар хатгаж, баяраар шагнах шиг?

-Хүн болгонд өөр өөр байх. Гэхдээ таны хэлж буй ойлголт зөвхөн яг надад бол их дөхсөн оновчтой тодорхойлолт мэт санагдлаа.

-Шүлэг бүхэн тус тусдаа дурсамж, мэдрэмж тээдэг байх. Эргээд харахад өвтгөөд байдаг мөртүүд гэж байх юм уу?

-Өвтгөх мөрт олон бий. Өвдөж байж л би үлдэнэ шүү дээ.

-Миний гарт шинэхэн бүтээл тань дэлгээтэй байна. Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ гэдэг бил үү? Номын хэмжээ, өнгө будаг, давс хужир нь таарч гэж бодлоо?

-Баярлалаа. Номыг гаднаас нь хараад өнгө дизайнаар нь ч юм уу үнэлж, дүгнэх боломжгүй. Гартаа барьж, уншиж байж л таньдаг. Өөрийгөө хэдэнтэй голж, өөрт таалагдсан хэдэн мөрт шүлэгнүүд минь хэнд, ямар мэдрэмж үлдээхийг би хэлж мэдэхгүй шүү дээ.

-Тийм дээ. Цаг хугацаа хэлээд өгнө. Номын нээлт хэзээ вэ? Улаанбаатар, Эрдэнэт? Аль эсвэл үлгэрийн Хялганат тосгон? Бүр төрсөн нутаг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумандаа юу?

-Номын нээлтээ цаг сайхан болохоор хийнээ. Эрдэнэт, Улаанбаатр, Хялганат, Хишиг-Өндөр бүгдэд нь гэсэн бодол байна.

-Үнэхээр цаг сайхан болвол шинэ номын нээлтээр зохиолч, уншигчид уулзах олон баяр давхцах нь ээ дээ?

-Тэгэх байх аа. Номонд хайртай бүхий л хүмүүсийг хүндэтгэн урья даа.

-Ярилцсанд баярлалаа. Өөрийн тань шүлгээр, өөрийг тань ерөөе. “Дутуу хайрласан мэдрэмж, Тэвэрч үлдэхгүйн төлөө амьдрах, Хамгаас гоё” –ыг амтлахаар алхсаар л байгаарай найрагч аа. 

- Баярлалаа. Миний алхах зай хол билээ.

- Захидлын бичигдээгүй хуулиар эхэлсэн яриагаа, мөн адил түүний төгсгөл шиг өндөрлөе. Дараа өөр сонин сайхнаа дуулгаарай, түр баяртай гэдэг бил үү?

- Ерөөл бат оршиг ээ. Талархлаа. Танд болон нийт уншигч олондоо хамгийн сайн сайхныг хүсье ээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төсгжаргал (202.5.199.69) 2022 оны 04 сарын 01

баярлалаа.

0  |  0
Би(202.126.90.69) 2021 оны 11 сарын 06

Их санаж байнаа

0  |  0
B.Amraa(202.126.89.34) 2022 оны 04 сарын 19

Uran bvteeliin ondr \n amjilt hvsyaa bagshdaa

1  |  0
Цолмонбаатар (202.5.206.21) 2022 оны 04 сарын 19

Найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье

1  |  0
Hi all(202.126.90.110) 2021 оны 05 сарын 24

Баярлалаа та бүхэнд\n

0  |  0
Sain ymaaa(202.126.89.169) 2021 оны 05 сарын 24

Mundag bn shv bagsh

1  |  0
Хишиг-Өндөр сумын ир(66.181.161.87) 2021 оны 05 сарын 24

Амжилт хүсье.

1  |  0
Haranchimeg(139.5.217.230) 2022 оны 04 сарын 19

Ix saixan yariltslag bolj ee urlagin yanjinlxam burxan vrgelj iweej orgoj baigee

1  |  0
Unurbsyr(103.242.47.6) 2021 оны 09 сарын 21

Dvvdee amjilt hvsey

2  |  0
Х(202.9.40.175) 2021 оны 05 сарын 23

Амжилт хүсье мундаг залуу шүү

1  |  0
насанбуян(66.181.161.87) 2021 оны 05 сарын 23

амжилт хүсье

1  |  0
Сараа(103.212.117.48) 2021 оны 05 сарын 23

Сайхан ярилцлага болжээ. Цаашдын ажил, амьдралд нь улам их амжилтыг хүсэн ерөөе

1  |  0
Top