​“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК Г.Баасанг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

  Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан өчигдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нэг ширхэг үнэт цаасыг хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн” хэмээн мэдэгдсэн билээ. Үүнд хариулт авахаар үнэт цаасыг захиалсан “Эрдэнэс Монгол” ХХК болон хэвлэсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийнхантай холбогдож тодруулга авснаа хүргэж байна.


“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК: ЗАГВАР, ҮНИЙН САНАЛ, ХЭВЛЭХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙН ХУВЬД “МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС” ХХК-ИЙН ИРҮҮЛСЭН САНАЛ ШААРДЛАГАД НИЙЦСЭН

Монгол Улсын стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228.5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК тэглэсэн. Харин одоо “Эрдэнэс бонд”-оор дамжуулан тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан иргэдэд мөнгөн тэтгэдэг олгож байгаа билээ. Энэ бондын үнэт цаасыг хэвлэх шалгаруулалтыг хэрхэн явуулсан талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хэвлэлийн албаныхантай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох “Эрдэнэс бонд” үнэт цаасыг хэвлэх ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д өгсөн юм уу? Хэчнээн ширхэг үнэт цаасыг тус компаниар хэвлүүлсэн юм бэ?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу УИХ Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. “Эрдэнэс Монгол” ХХК нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс бонд” үнэт цаасыг гаргах ажлыг шуурхай зохион байгууллаа. 

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК нэрлэсэн үнэ нь 216,216,542,881 /хоёр зуун арван зургаан тэрбум хоёр зуун арван зургаан сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун наян нэг/ төгрөгийн үнэ цэнэ бүхий 240,000 (хоёр зуун дөчин мянга) ширхэг биет үнэт цаасыг хэвлүүлэх ажлыг шуурхай хийж гүйцэтгэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.10-д “Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг ч “Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс бонд”-ыг хэвлүүлэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас үнийн санал авсан. 

-Сонгон шалгаруулалтад хэчнээн компани оролцсон бэ?

-Манай зүгээс “Эрдэнэс бонд” үнэт цаас хэвлэх боломжтой компаниудад хүсэлт гаргаж албан бичиг хүргүүлсний дагуу нийт 6 компани хэвлэх үнэ, техникийн шаардлага, хийж гүйцэтгэх хугацааны талаарх саналаа ирүүлсэн. Эдгээрээс “Адмонпринт” ХХК, “Интерпресс” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Үндэсний үнэт цаас” ХХК гэсэн дөрвөн компани “Эрдэнэс бонд” үнэт цаасны загварыг ирүүлсэн. 

-Сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудад ямар шаардлага тавьсан бэ?

-Компанийн гаргах “Эрдэнэс бонд” үнэт цаас нь нийт 240 000 (хоёр зуун дөчин мянга) ширхэг, А5 хэмжээтэй, үнэт цаасны зориулалтын цаастай, өндөр нууцлалтай, үнэт цаасыг хуурамчаар хийх, хувилан олшруулахаас сэргийлсэн хамгаалалттай, захиалагчаас өгсөн дугаартай байх зэрэг чанарын шаардлага хангах ёстой байсан. Компаниудын ирүүлсэн үнийн саналууд харьцангуй зөрүүтэй байсан нь үнэт цаас хэвлэх тусгай зориулалтын цаас, нууцлал, гүйцэтгэлийн чанараас хамааралтай байв. Санал ирүүлсэн зарим компани хэвлэлийн чиглэлээр түлхүү ажилладаг, технологийн хувьд үнэт цаасны чиглэлээр дагнаж төрөлжөөгүй, үнэт цаасны эх бэлтгэлийн тусгайлсан программ байхгүй, зарим нь хугацааны хувьд удаашралтай, чанарын шаардлага хангахгүй, заримынх нь санал болгосон үнэт цаасыг хууль бусаар хувилан олшруулах зэрэг эрсдэл гарахаар байсан. 

-“Монголын үнэт цаас хэвлэл” компанийг сонгосон шалтгаан нь юу байсан бэ?

-Ирүүлсэн загвар, үнийн санал, хэвлэх техникийн нөхцлүүдийг нэг бүрчлэн авч хэлэлцээд үнэт цаас хэвлэлтийн чиглэлээр төрөлжсөн байдал, үнэт цаасны чанар, нууцлал хамгаалалт, дахин давтагдашгүй загвар, хамгийн богино хугацаанд гүйцэтгэх боломж, ижил төстэй ажил хийж байсан туршлага зэргийг нь харгалзан “Монголын үнэт цаас” ХХК-ийн ирүүлсэн саналыг шаардлагад нийцсэн гэж үзсэн.


“МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” ХХК: “ЭРДЭНЭС БОНД” ҮНЭТ ЦААСЫГ НЭГ ШИРХЭГИЙГ НЬ 2490 ТӨГРӨГӨӨР ХЭВЛЭСЭН

“Эрдэнэс бонд” үнэт цаасыг захиалагч “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхантай холбогдсоны дараа энэхүү үнэт цаасыг хэвлэсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэлтэй уулзаж дараах тодруулгыг авлаа. 


-Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан мэдээлэл хийх үеэрээ нэг ширхэг үнэт цаасыг танай компанийг хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэл үнэн үү? Танайх хэдэн ширхэг үнэт цаасыг, хэдэн төгрөгөөр хэвлэсэн тухай мэдээллээ ил зарлаж болох уу?

-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад эзэмшүүлэх үнэт цаасыг үйлдвэрлэх тухай төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК үнийн саналаа хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтаар манай компани шалгарч “Эрдэнэс бонд” үнэт цаасыг хэвлэн нийлүүлсэн. “Эрдэнэс бонд” үнэт цаасыг нийт 240 орчим мянган ширхэгийг нэг бүрийг нь 2490 төгрөгөөр хэвлэсэн. Энэ нь нэг сая төгрөгийг орлож байгаа үнэт цаас гэдгийг ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс бонд” нь үнэт цаас учраас маш өндөр нууцлалтай байх ёстой. Хувилан олшруулах, хуурамчаар үйлдэх боломжгүй байх зэрэг шаардлагууд тавигддаг. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд тусгай зориулалтын цаасанд хэвлэлийн олон төрлийн өндөр технологи шингээгээд хуурамчаар үйлдэх боломжгүй, маш сайн нууцлалтай үнэт цаасны бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Нүдэнд харагдах болон харагдахгүй олон төрлийн нууцлалтай, дууриалгах аргагүй бүтээгдхүүн. “Эрдэнэс бонд” үнэт цаасыг манай компани нэг ширхэгийг нь 2490 төгрөгөөр хэвлэсэн. Г.Баасан гуайн яриад байгаа шиг нэг ширхэгийг нь хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн гэдэг нь гүтгэлэг. Ийм өндөр үнээр хэвлэгддэг үнэт цаас гэж дэлхийн хаана ч байхгүй байх. Тийм ч учраас бидний бизнесийн нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж Г.Баасан гуайг уучлал хүсч, залруулга хийхийг шаардаж байна. Эс бөгөөс бид хуулийн дагуу шүүхэд хандан нэр төрөө сэргээх, холбогдох арга хэмжээг авах болно. 

-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ? 

-“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь зөвхөн үнэт цаас үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компанийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нь зөвхөн үнэт цаас үйлдвэрлэх явдал. Энэ төрлийн үйлдвэрлэлээр дагнаж мэргэшсэн компани. Үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу бид саналаа хүргүүлж сонгон шалгаруулалтад оролцсон. Захиалагчийн зүгээс шалгаруулсны дараа бид гэрээ байгуулж, өндөр чанартай, өндөр нууцлалтай үнэт цаасыг цаг хугацаанд нь үйлдвэрлэн хүлээлгэж өгсөн. Шалгаруулалтыг захиалагч буюу Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК хийсэн. Манай компани технологийн хувьд давуу, үнийн хувьд боломжтой, захиалагчийн тогтоосон хугацаанд үйлдвэрлэх хүчин чадалтай байсан учраас шалгарсан юм. Тийм ч учраас өндөр нууцлалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, захиалагчид хугацаанд нь хүлээлгэн өгсөн. 

-Г.Баасан гуайн мэдээлэлд бас нэгэн ноцтой зүйл дурдагдсан. Одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан тушаалаа ашиглан нөлөөлж энэ үнэт цаасыг хэвлэх эрхийг өөрийн хувь эзэмшдэг компанидаа авч өглөө гэж тэр хэлсэн. Б.Батцэцэг сайд “Монголын үнэт цаас хэвлэл” компанитай ямар холбоотой юм бэ? Албан тушаалаа ашиглаж үнэхээр тэгж нөлөөлсөн юм уу?

-Г.Баасан гуайн энэ мэдэгдэлд бид туйлын харамсч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад холбогдох хуулийн дагуу ямар ч иргэн хуулийн хүрээнд компани үүсгэн байгуулах, компанид хувь эзэмших эрхтэй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Манай компани таван хувьцаа эзэмшигчтэй, тэднийг нэг нь Б.Батцэцэг. Гэхдээ компанийн ажилд Б.Батцэцэг сүүлийн 5 жил зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн хүрээнд л оролцдог болсон. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд 2016 оноос хойш огт оролцоогүй гэсэн үг. Тийм болохоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг “Монголын үнэт цаас хэвлэл” компанийн үйл ажиллагаанд оролцдог мэтээр гуйвуулж байгаа нь улс төрийн сонгуультай холбоотой гэж бодож байна. Манай компанийн нэг хувьцаа эзэмшигчтэй холбож улс төрийн зорилгоор ч юм уу худал мэдээлэл тарааж байгаа нь компанийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа хэрэг. Хэн нэг хувьцаа эзэмшигч нь улс төрч байснаар “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК сонгон шалгаруулалтад оролцож болохгүй, бизнес үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. 

-Энэ сонгон шалгаруулалт явагдаж байх үед танай “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдын албан тушаал хашиж байсан юм уу?

-Сонгон шалгаруулалт 2020 оны 3 дугаар сард болсон. Манай компаний хувьцаа эзэмшигч Б.Батцэцэг Гадаад харилцааны сайд болоод 3 сар болж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүн болохоос 1 жил гарны өмнө болсон шалгаруулалт гэсэн үг.


МЭДЭГДЭЛ

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-иас өчигдөр мэдэгдэл гаргасныг хүргэж байна. Мэдэгдэлд, “Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хэвлэлийн хурал зарлан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, хуулийг дагаж мөрдөх журмын дагуу тэтгэврийн зээлгүй ахмадуудад эзэмшүүлэх үнэт цаас хэвлэх эрхийг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК ямар нэг тендер, сонгон шалгаруулалтгүйгээр авч, нэг ширхэг үнэт цаасыг 2,487,460 төгрөгөөр хэвлэсэн гэсэн илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Үнэт цаас хэвлүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулалтаар сонгох нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг болохыг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын нэгдүгээр зүйлд “... 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ” гэж зааж өгсөн. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтаар “Эрдэнэс Монгол” ХХК-иас 2020 оны гуравдугаар сард “Үнэт цаас хэвлүүлэх тухай” хүсэлт ирүүлсний дагуу бид үнийн санал хүргүүлж, гүйцэтгэгчээр шалгаран гэрээнд заасан шаардлагын дагуу 237993 ширхэг өндөр нууцлалтай үнэт цаасыг нэг бүрийг нь 2490 төгрөгөөр чанарын өндөр түвшинд хэвлэн хүлээлгэж өгсөн. Иймд “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн энэхүү үйлдэл нь хууль зөрчөөгүй, сонгон шалгаруулалт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явагдсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Жил гаруйн өмнө хуулийн хүрээнд болсон сонгон шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг үетэй давхцуулан сөхөж, компанийн ажил хэргийн нэр хүнд болон хувьцаа эзэмшдэг улс төрчийн нэр төрд халдах замаар мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлэг тарааж байгаад харамсч байна. Иймд Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан таныг компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчтэй нь холбож, компанийн бизнесийн нэр хүнд, хувьцаа эзэмшигчид болон нийт ажилтнуудын эрх ашигт ноцтойгоор халдаж байгаа үйлдлээ таслан зогсоож, уучлал гуйхыг шаардаж байна. Ажил хэргийн нэр хүндэд халдаж, олон нийтэд илт худал мэдээлэл тарааж байгаа тул бид хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө хамгаалуулна гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК” гэсэн байна.

Эх сурвалж polit.mn

Б.Цэрэнлхам

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.242.45.45) 2021 оны 05 сарын 27

ug ug ene teneg avgai odoo bolivol taarsan ym gertee ach zeegee har. Ard tumeniig taltsuulah boli BAASAN avgai

0  |  0
Заяка(64.119.22.39) 2021 оны 05 сарын 27

БААСАН ГЭЖ ШАНТААЖААР АМЬ ЗУУДАГ БАЛИАР ЧАВГАНЦ ЛИФТЭНД ОЦГОНОДОГ БААСАНЦОГТООС АВСАН МӨНГӨӨ ТАЙЛБАРЛААД ГУЦААРАЙ

0  |  0
Ард(107.127.28.117) 2021 оны 05 сарын 27

Зүгээр л 300000 шигээ дансанд нь хийж болоогүй юм уу?Мөнгө идсэн л байна даа.Их бага нь л сонин байна

1  |  0
(192.82.91.96) 2021 оны 05 сарын 27

hujaa hujaa

0  |  0
БАТЦЭЦЭГ ОГЦОР(192.82.78.240) 2021 оны 05 сарын 26

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Манай компани таван хувьцаа эзэмшигчтэй, тэднийг нэг нь Б.Батцэцэг. Гэхдээ компанийн ажилд Б.Батцэцэг сүүлийн 5 жил зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн хүрээнд л оролцдог болсон. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд 2016 оноос хойш огт оролцоогүй гэсэн үг

0  |  0
(192.82.78.205) 2021 оны 05 сарын 26

BALIAR HULGACIH HUJAANUUD HUN ALAHAAS BUTSAHGUI

0  |  0
Энхээ(59.153.114.160) 2021 оны 05 сарын 26

Энэ хэвлэсэн цаасыг үр хүүхдүүддээ өвлүүлээд, дээр нь 1,0 сая төг өгөөд нийт 2,0 сая төгрөгийн бэлэг өглөө гэж ойлгосон шд. Хүн горьдоогоод. Цаасан дээрээ өвлүүлээрэй гээл бичсэн байсан даа.

0  |  0
иргэн(103.26.194.84) 2021 оны 05 сарын 26

Мөнгөний жин........р Баасанг нэн даруй шүүхэд өг. Жинхэнэ авилгачин.

0  |  0
Top