Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж, манай хоёр боксчин медлийн болзол ханган, хагас шигшээд шалгарлаа.
Энэ өдөр эмэгтэйчүүд тулаан хийгээгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 1/4 шигшээ буюу медалийн төлөөх тулаанууд болов.
Манай тамирчдаас эхлээд -52 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад 2:3-аар ялагдсан бол -60 кг-д Э.Цэндбаатар Кыргызстаны Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, -69 кг-д Б.Мишээлт Афганистаны Амири Хусейнийг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарлаа.
Харин -75 кг-д О.Бямба-Эрдэнэ бэртлийн улмаас рингенд гарсангүй.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд Афганистан, Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Кувейт, Лаос, Монгол, Филиппин, Катар, Шри-Ланк, Тажикистан, АНЭУ, Узбекистаны нийт 150 тамирчин оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )