Алс Сулинхээрийн хязгаарт бичиж туурвиж суугаа яруу найрагч Доржготовын Бямбажавтай ярилцлаа.
-Миний мэдэх та өмнөд хилийн торгон заагт аж төрж, уран бүтээлээ туурвиж ирсэн хүн. Анир буйдхан нутагт уран бүтээл туурвихад ямар нэг онцлог байдаг байх?
-Тийм ээ, би үe үeийн уран бүтээлчид, яруу найрагчдын мөнхлөн туурвисан алдарт Сулинхээрийн хязгаартаа нам гүмхэн, гэвч бас өөрийн хэрээр бичиж туурвиж бодол юугаа элсний ширхэг лугаа бидэртүүлэн цалгиасаар л явна. Миний нутаг бол оюуны их авшигтай, олон арван алдар суутнууд төрөн гарч өөр өөрийн түүхээ бүтээсэн нутаг. Тэр л харгуй зам нь биднийг хийж бүтээхийн оргил өөд хөтөлж байдаг. Аглаг буйд хөдөө нутаг, түүний онгон дагшин байгаль гэдэг бол хүний сэтгэлийн амар амгаланг буй болгох ид шидтэй газрын диваажин гэсэн үг. Жишээ нь, миний анхны дууны үг “Чамдаа дуулъя " шүлгэнд МУСТА, ая зохиогч Ш.Тэрбиш ах маань ая хийх гээд нэг л болохгүй яваад байж. Тэгсэн нэг өдөр тэмээгээ усалж байтал гэнэт аялгуу ороод ирсэн гэж байгаа. Юун тэмээ услах, ховоогоо чулуудах нь холгүй гэрээдээ хурдаараа давхиж ирээд Баян хуураа бариад суусан гэдэг. Ус уунгаа уран сайхан хүзүүгээ өргөсхийн, алсыг ширтэх тэр сайхан амьтны тунгалаг бор нүднээс энэ eртөнцийн амар амгалан, ариун сайхны уянга тунаран буйг иинхүү буулгасан. Ингэж нэгэн сайхан дуу төрснийг уран бүтээлчид дуулсаар өнөөг хүрчээ.
-Цахим орчин, захын хүн уран зохиол, уран бүтээлчдийг шүүмжлэх нь элбэг. Энэ нь утга зохиолын судлал шүүмжлэл алга болсонтой холбоотой гэх нь ч бий. Таны хувьд юу гэж бодож байна?
-Энэ их чухал асуулт байна. Цахим хэрэглээг бид амьдралдаа хэвшүүлээд багагүй хугацааг өнгөрөөж байна. Энэ хооронд миний харж байгаагаар ололттой сайн талууд байгаа. Гол нь одоо үeд хамгийн үнэ цэнэтэй цаг хугацааг хэмнэж хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авах давуу талтай. Үүний хажуугаар утга уран зохиолыг шүүмжилж байгаатай санал нэг байна. Тэдний ч буруу биш. Учир нь утга зохиолын шүүмж судлал бүр хоцрогдсон гэж хэлж болно. Тэд одоо бүр учраа олохоо байж байх шиг байна. Үүнтэй холбоотой чанаргүй уран бүтээл олноор гарч байгаа нь үнэн. Ялангуяа дууны яруу найраг бол Н.Жанцанноров гуайн хэлдгээр дуу гэдэг утга агуулгаасаа халтираад явчихаж байна.
-Орчин цагт хэтэрхий туйлширч, үндэсний бүхнээ умартах хандлагатай болжээ. Уншихаа байсан учраас үндэсний уран зохиол хэлмэгдэх хандлага бий. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Туйлшрал бол өнөөгийн нийгмийн том гажуудал. Тэр тусмаа монгол хүний оршихуйн үндэс болсон үндэсний соёл уламжлалаа орхигдуулж гадны соёлын довтолгоонд хэт их автаж байна. Мөн уншихаа больсонтой холбоотойгоор хүмүүсийн сэтгэн бодох чадвар муудаж, оюун ухааны доройтолд орж байгаа нь илт мэдрэгдэж байна. Үндэсний уран зохиолын хэлмэгдлийн тод жишээ бол кино зохиол. Орчин үeийн кино зохиолоос харахад Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир"-тай эн зэрэгцэх бүтээл хэзээ дахин төрөх нь тодорхойгүй байгаа юм.
-Уран зохиолын чиг хандлагад нэн шинэ үe, уламжлалт хэмээн хуваагдах хандлага бий боллоо. Уран бүтээлчийн хувиар ч тэр, уншигчийн хувиар ч тэр юу гэж үзэж байна?
-Суурьгүй оршин тогтнол гэж үгүй. Тийм болохоор уламжлал дээрээ тогтох нь зайлшгүй. Нэн шинэ үeийн урсгал хүчтэй орж ирж байгаа ч нэгэн хэвд цутгасан мэт байгаа нь ажиглагддаг. Уламжлал дээрээ суурилах биш, уламжлалаасаа тасраад байгаа юм шиг санагддаг .
-Таны хувьд орчин цагийн уран зохиолын төлөөлөл гэж хэнийг нэрлэх вэ?
-Олон сайхан залуучууд байна, түүнээс шинэ зууны яруу найргийг түүчээлэн манлайлж байгаагаас Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, О.Цэнд-Аюуш нарын бүтээлийг нэрлэх байна.
-Орон нутагт тань шиг нууцлаг авьяастнууд цөөнгүй бий. Та хэдийнээс эхэлж шүлэг зохиол оролдож бичив ээ?
-Би бүр бага байхын л ном дэвтэр цуглуулаад хормойлоод явж байдаг хүүхэд байсан гэсэн. Дунд сургуульд байхдаа ганц нэг шүлэг бичиж уралдаан тэмцээнд орж шагнуулдаг байсан. Харин анхны шүлгээ мэддэггүй юм. Оюутан болоод хоёрдугаар күрстээ сурч байхдаа их эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд зөвлөгөө хүссэн захидал бичиж тэр аугаа хүнээс урмын үг сонсож байв. Тэрхүү захидал маань “Монголын уран зохиолын дээжис”-т захидал харилцааны 17 дугаар ботид хэвлэгдэн гарсан нь утга, уран зохиолын энэ өндөр босгоор алхан орж яруу найрагч хэмээх хэн хүнд олдомгүй алдар нэрийн эзэн болох эхлэлийг тавьсан гэж бодоход бахархалтай байдаг .
-Утга зохиолд хөтөлсөн багш тань хэн бэ. Шүлэг бичихэд тань юу нөлөөлж байх юм?
-Монголын утга зохиолын их ай савд багтаж, олон сайхан нөхдийнхөө дунд хийж бүтээж явахад хамгийн их нөмөр нөөлөг болдог хүн бол яруу найрагч Со.Чулуу багш маань юм. Энэ сайхан найрагчтай багш шавь төдийгүй нэгэн хайрхнаа оноож төрснөө их хувь заяа гэж сүсэглэдэг билээ.
-Яруу найраг өөрөө анир чимээгүй эсвэл тэр л их сэтгэлийн хөөрөл чимээ шуугиан дундаас төрдөг гэх нь бий. Таны хувьд ямар орчинг сонгодог вэ?
-Энэ үнэхээр сайхан асуулт байна. Би бол бага балчир наснаасаа хурга ишиг хариулж , хонины бэлчээрт хүүхэд насаа үдсэн болхоор анир чимээгүй мэт намуухан, сэтгэлийн жаргал эдлүүлсэн говь нутгийнхаа уянгаар өөрийгөө хөглөж ирсэн. Хавсрага салхи нүүр нүдгүй ороолгож байсан ч хаврын яргуй хэнзхэн соёолсон хаврын өдрүүд юутай тунамал. Энд л миний найрагч байхын жаргал хотолдог .
-Өөрийгөө өөрөөсөө бус өөр газраас хайх ч үe байдаг гэдэг. Энэ нь чухам юуг хэлээд байгаа юм?
-Хүний амьдрал үнэхээр баян. Миний хувьд дотоод сэтгэлийн амгаландаа оршин тогтнож байхыг хүсдэг. Мөн өөртөө итгэх итгэлээ алдах ч юм уу нэг тийм сул дорой байдал мэдрэгдэхэд өөрийгөө огт өөр газраас хайх, бүр их дэврүүн сайхан бодолд автан оюун санааныхаа эзэн байж чадах үeдээ өөр eртөнцөөр аялж гоо зүйн таашаал хүртэх аль нь ч сайхан шүү дээ.
-Сүүлийн үед туурвиж байгаа уран бүтээлээ дурдахгүй юу?
-Хөл хорионы дэглэм сахиж байгаа энэ цаг үeийн онцлогоос болж зарим уран бүтээл маань аргагүй зогссон ч бас гэрт байгаа давуу талаа ашиглаж дөрөв дэх номоо хэвлэлтэд бэлдэж, гурван дуугаа дүрсжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл ( 5 )
Аз жаргал сайн сайхныг хүсье!. Уран бүтээлмйн амжилтыг ерөөе
Шүүмж бичихээр зохиолч, яруу найрагчид нь шүүхэд өгөөд байхаар яах юм. Хариу өгөөч!
Үнэхээр сайхан ярилцлага болжээ. Ээж минь урт удаан наслаж улам их яглалзаарай.
Маш сайхан ярилцлага болсон байна. Эгчийн уран бүтээлд өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл бүхнийг хүсье. Тэгш дүүрэн байх болтугай.
Сайхан ярилцлага болжээ. Эгчийн уран бүтээлд өндрөөс өндөр амжилт, амьдрал нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Тэгш дүүрэн байх болтугай.