Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин
Тавдугаар сарын 30-нд эхэлсэн теннисний “Их дуулга” цувралын нэг, Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос” -ыг Японы теннисчин, дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчин Наоми Осака өөрийн хүсэлтээр орхилоо.
“Их дуулга”-ын цувралын дөрвөн түрүүтэй ( US Open 2018, 2020, Australian open 2019,2021) , энэ жил 23 настай Наоми Осака “Ролан Гаррос” -ын өмнөхөн хэвлэл, мэдээллийнхэнд нэг ч ярилцлага өгөхгүй, хэвлэлийн бага хуралд оролцохгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Үүнийхээ шалтгааныг хэвлэлийн бага хурлын үеэр адилхан асуултууд маш их тавигддаг, үүнд үр дүнгүй цагаа үрдэг, зарим асуултууд нь тамирчдыг сэтгэлзүйн дарамтад оруулдаг, хэвлэлийн бага хурлын хэв маяг, журам хэт хуучирсан хэмээн үзсэн ажээ.
Зохион байгуулагч нарын зүгээс түүнийг тэмцээний дүрэм, журмыг зөрчсөн хэмээн эхний ээлжинд 15000$ торгож, цаашид тэмцээнээс хасах ч шийтгэл оноож болно гэж хариу ирүүлсэн билээ. Тиймээс ч Наоми тэмцээний хоёрын даваа эхлэхийн өмнө өөрөө орхин одлоо. Зөвхөн теннисийн төдийгүй өдгөө цагийн спортын ертөнцийн хамгийн тод оддын нэг Наоми Осакагийн энэхүү үйлдлийг хэвлэл, мэдээллийнхэн янз бүрээр л хүлээж авч байна. Зарим нь япон теннисчний шаардлага зүй ёсных гэж байхад зарим нь хэвлэлийнхэнтэй “дайн зарлаж”, бойкот хийсэн нь буруу, хэрэв хэвлэл мэдээллийнхэн “сөрсөн базаа” хийгээд нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүний тухай огт гаргахгүй болчихвол санхүүгийн томоохон алдагдалд( нээрээ нэг ч сонин сэтгүүл, сайт, тв-гээр гарахгүй хүнтэй зар сурталчилгааны гэрээ байгуулах брэнд, компани гарах болов уу?) орно, мөн шороон хучилттай талбайд Наоми тааруу тоглодог тул зориуд хийж буй акц гэх мэтээр бичиж байна даа. Ямар ч байсан “дайны” гал аслаа, хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )